sonin.mn
Жанжин Д.Сүхбаатарын үнэн намтар
 
 
Миний бие нь Цагаан-Овоо сумын уугуул 6 7 настай Цагаангууд омгийн Ш-Наваанцэдэнтэй уулзаж байхад тэрээр надад ийн ярьсан юм.“Д.Сүхбаатарын эх Хандын дүү болох Лувсангийн Жанга нь Бүтэд гэдэг эхнэртэй байсан. Тэднийх хүүхэдгүй айл байсан учир Д.Сүхбаатарын дүү Д.Дуламаас гарсан хүү болох Шагдарсүрэнгээс гадна миний төрсөн эх болох Хандамыг бас өргөж авч өсгөсөн. 
 
Ээж маань миний эцэг Шарлуусүрэнтэй ханилж, намайг төрүүлсэн юм. Цагаан хуасай овгийм жaaхан Дамдиных Тарь нуураас хойш Гүн Жалгатай гэдэг газар нутаглаж байх үеэр Д.Сүхбаатарыг төрсөн гэдэг юм” хэмээн эх маань ярьдаг байсан. Д.Сүхбаатарын үеэл дүү Дамба ахыг 'Гарь нуураас хойшхи нутагтаа амьдарч байхад нь 1960-аад оны дундуур би аавтайгаа хамт очиж уулзсан. Түүнээс хойш би хэд хэдэн удаа очиж уулзаж байсан Манай гэр бүл байнгийн захиргаадалт, дарамтан дор амьдарсан. 
 
Бүх шатны дарга нар Д.Сүхбаатарын хамаатан гэдгээ нуу гэдэг байсан. Буриад эрчүүдийг толгой дараалан баривчилж, хуулийн дээд хэмжээ юм уу 10 жилийн ял өгдөг байх үед аав ихэд эмээдэг байсан гэдэг. Эцгийг маань ачиж явсан тэрэг замдаа зогсож, хүмүүсээ буулгаж бие засуулаад дахин ачих үед аавыг маань мартаад хаяад явчихсан тул золоор амьд гарсан гэдэг. Охин Наваанцэдэнгийн Буянзаяа нь хажуунаас, “Бид одоо ч гэсэн энэ тухай ярихдаа эмээж болгоомжилдог. Ажлын газрынхан маань хүртэл Д.Сүхбаатар чинь халх хүн, худлаа ярилаа гээд огт үнэмшдэггүй” хэмээн үг нэмэрлэв. Одоо Ш.Наваанцэдэн Чингэлтэй дүүрэгт эхнэр Т.Наранцэцэг, охин Н.Буянзаяа нарын хамт аж төрж байна. Хүү Н.Төмөрсүх нь эхнэр Д.Ганцэцэг, хүү, охин нарын хамт амьдардаг, хилийн цэрэгт ахмад цолтой хүн байдаг.
 
Мөн судлаач Ж.Жами агсны илтгэлээс иш татахад ‘Монголын 1921 оны хувьсгалын их удирдагч Дамдины Сүхбаатарыг одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын халх ястан “цагаан дээлт” Дамдины хүү гэсэн намтар байдаг билээ. Гэтэл Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын өндөр настнууд Д.Сүхбаатарыг манай нутгийн буриад "жаахан” Дамдины хүү юмсан гэж дурсан ярихыг нь олонтаа сонсож байсан тул багахан хэмжээний судалгааны ажил хийсэн юм. 
 
... Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэн Мухуудааны Сандан гэгч 60-аад насны өвгөнтэй миний бие нь 1970 онд уулзаж ярилцахад тэдний удмынхан Оросын Чита мужийн нутаг Бухын харуул хавиар жаахан Дамдиныхтай хөрш ойр нутагладаг байснаас гадна хоорондоо худ ураг хүмүүс байжээ. Сандан өвгөн ийнхүү дурсан ярьсан юм. “ Намайг бага байхад олон буриад Оросын нутгаас нүүн Монголд орж ирээд, жаахан Дамдиныхтай ойрхон нутаглаж явсан. Удалгүй тэдний хүү Сүхбаатар нь оросын цэрэгт алба хааж байснаа халагдаж ирсэн. 
 
Орос хэл бичигтэй, цэргийн эрдэмтэй хүн болсон гэж ярих болсон. Дараа нь Д.Сүхбаатарыг Богдын хүрээ явсан гэлцдэг болсон. Жаахан Дамдин худ маань ходок тэргэнд хос морьд хөллөөд Богдын хүрээ ороод ирснийхээ дараа бидэнд хүү Сүхбаатар маань Богдын хүрээнд хүүхэдтэй халх авгай аваад, Богдын цэрэгт сургууль заадаг сургагчаар ажиллаж байна гэж ярьсан. Дараа нь Дамдин худ маань Богдын хүрээ рүү дахим яваад эргэж ирээгүй. Хүрээнд байх үед керосин дэнлүү дээр нь унаснаас болоод их галд түлэгдэж шархалж байгаад сайжралгүй нас барсан гэж хүмүүс ярих болсон юм. 
 
Энэ явдал 1920-оод оны үед болсон санагдана. Би бага байсан ч гэсэн, жаахан Дамдин худ маань өвлийн цагт дандаа цагаан ходсон дээл (гадаргүй нэхий дээл) өмсдөг байсныг нь санадаг юм. Түүний дараах жилүүдэд Богдын хүрээ ороод ирсэн Дамбийням, Жамсраны Норов нар жаахан Дамдины хүү Сүхбаатарыг Монголын их том дарга болоод байна гэж манай нутгийнхан нэг л сонирхон ярьцгаадаг болсон. Түүнээс хойш хэдийд ч билээ жаахан Дамдины ойрын төрөл Жангынд цэргийн дарга нэг хүн машинтай гэнэтхэн орж ирэнгүүтээ “Та Лувсангийн Жанга гэдэг хүн мөн үү. Танайх Дамдины Сүхбаатарын хамаатан садан мөн биз дээ” гэж их л сүржин дуугаар чанга асуухад нь Жанга өвгөн дотроо, “аягүй бол Сүхбаатар маань ямар нэгэн хэрэг түвэг тарьчихаад намайгаа бас холбогдуулах нь байна” гэж айсандаа болоод “манайд Дамдины Сүхбаатар гэдэг төрөл садан байхгүй” гэж тас мэлзсэн гэдэг юм. Түүний дараа Д.Сүхбаатарыг нас барсан тухай сураг дуулдах үед Жанга өвгөн, “Сүхбаатар маань өвчтэй байгаад ах дүү нартаа хэл дуулгахаар хүн явуулсан байсан юм болов уу. Айсандаа болоод би буруу л юм хийчих шиг боллоо доо” гэж ярьсан юм.
 
Тэднийд Д.Сүхбаатарын төрсөн дүү Д.Дулам нь амьдардаг байсан юм. Орост цэргийн эрдэм сурсан Д.Сүхбаатар нь Монгол орондоо ардын нам байгуулалцан, хувьсгалын их үйл хэргийг удирдаж явахдаа өөрийгөө буриад хүн гэдгээ нууж, хамаатан садандаа нууцаар сэмхэн очиж уулзаж байсан нь магадгүй дөнгөж сая оросоос орж ирсэн буриад хүн гэдэг нь мэдэгдвэл халх түмнийг хойноосоо дагуулж чадахгүй гэж үзсэн байж болох талтай хэмээн Ж.Жамц нь илтгэлдээ дээрх дүгнэлтийг хийсэн байдаг.
 
Дорнод аймгийн Баян-Дун сумын уугуул Чойбалсан хотын иргэн Үзөөн хамниган омогтой Цэдэнгийн Дугар одоо 77 настай. 1965-1970 онд Цагаан-Овоо сумын найман жилийн дунд сургуулийн захирал, монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байх үедээ 1967 онд жанжин Д.Сүхбаатарын гэрэл зургаар кабинет байгуулжээ Кабинетын нээлтэд Д.Сүхбаатарын дүү Дуламын хүү Шагдарсүрэн болон жанжны эхийн дүү Л.Жангын охин Хандам нарыг гэр бүлээр нь урих саналыг сумын намын үүрийн дарга, хөдөлмөрийн баатар Б.Цэрэндоржид тавиад зад загнуулсан гэдэг.  Улс төрийн хэрэгт орох аюултай учир дуугүй яв хэмээн захиргаадсан нь тухайн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой байсан нь мэдээжийн хэрэг. Б.Цэрэндорж нь 1977 онд Ж.Жамцад Д.Сүхбаатарыг халх болгож, намтрыг нь бичсэн болохоор энэ талаар оролдвол буруутан болно гэж хэлсэн байдаг.
 
Дорнод аймгийн Баян-Дун сумын харьяат Ахайд Шарайд омогтой Дугаржавын Дамдинжав нь 2002 онд “Монголын буриад зон” нэртэй ном хэвлүүлж явсан судлаач хүн бөгөөд саяхан миний бие нь түүнтэй уулзахад, “Д.Сүхбаатарын буриад хувцастай том зураг Монголын уран зургийн галерейд өлгөөтэй байдаг байсан гэж сонссон. Одоо фондод нь байх л ёстой" гэж ярьсан юм. Монгол судлаач японы эрдэмтэн Футаки Хироши гуай 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг Ар, Өвөрмонгол хамтарч хийсэн бол 1921 оны Ардын хувьсгалыг Ар монгол. Буриад монгол хамтарч хийсэн хэмээн дүгнэсэн байдаг. Америкийн монголч эрдэмтэн Р.Рупен нь 1921 оны ардын хувьсгалыг Ар монголд гарсан буриадын үзэгдэл хэмээн нэрлэсэн байдаг.
 
Сүхбаатар судлаач агсан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхч, доктор О.Пүрэв нь Д.Сүхбаатарын амьдрал, түүх намтрыг 23 жил судалж, түүний төрсөн эцэг эхийн хамаатан саднаас нэг ч хүн олоогүй бололтой.
 
Улсын архиваас Д.Сүхбаатарын өөрийн гараар Хайсу (Хуасай болов уу) гэж овгоо бичсэнийг нь олж уншаад, Дамдиных өвөрмонгол гаралтай ба 1890 онд Богдын Хүрээнд нүүж ирсэн гэсэн таамаг дэвшүүлж, 2007 онд “Зиндаа” сонинд өгсөн ярилцлага нь интернэтэд тавигджээ.
 
Нийтлэлч Б.Цэнддоо нь Өвөрмонголоос нүүж, Ёст бээсийн хошуунд ирсэн үзэмчин монгол айл бололтой гэж одоогоос зургаан жилийн өмнө сонинд бичээд, МАН-ынхны уурыг хүргэсэн удаатай ажээ. Д.Сүхбаатарын төрсөн өдрөөр МАН-ын удирдлагууд тоонот дээр нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Д.Сүхбаатарын аав ээж нь Амбасын шоронгийн хянагч байх үедээ гэрээ барьсан газрыг нь тоонот нь гэж эндүүрчээ. Д.Сүхбаатарын төрөл садангийн хүмүүсийн тоо 400 орчим биш юм. Архивт нэрс нь буй 400 ураг садан нь Д.Сүхбаатарын гэргий Янжмаагийн талын халх хамаатан садангууд юм. Харин буриад талын төрөл садангуудын тоог миний бие нь тоймлохдоо 2015 онд Халх Номрегийн Буриад хошууны 90 жил, Дорнод аймгийн Цагаан-Овоо сум байгуулагдсаны 80 жилийн ойд зориулан хэвлүүлсэн “Манай нутгийнхны дурсамжууд”номноос нэрсийн жагсаалтаар нь хөөгөөд тооцоолоход лав 300 гаруй хүн байгаа ажээ.
 
1923 оны хоёрдугаар сарын 20-нд Д.Сүхбаатар нас барсны дараа эхнэр Янжмаа нь хүү С.Галсангийн хамтаар нөхрийнхөө намтрыг бичих зорилготой Халхголд ирээд cap болсон ч ганц ч хамаатан садныг нь олж уулзаж чадалгүй буцсан гэдэг. Бүгд Д.Сүхбаатарын төрөл садан гэдгээ нуусан байсан тул арга мухардсан Нэмэндэйн Янжмаа нь Э.Ренчиногийн шахалтаар өөрийн эцэг эхийн төрсөн Ёст бэйсийн хошуу нутгийг цагаан дээлт Дамдины нутаг болгож, өөрийн овгоо сольж, Сүхбаатарын Янжмаа болжээ. 
 
Д.Сүхбаатарын уг гарвалыг нууцалснаас хойш 94 жил улиран оджээ. Д.Сүхбаатарын намтрыг хуурамчаар зохиож, ардын хувьсгалын туг болгон мандуулах ажлыг Э.Ренчино гардан гүйцэтгэж, Д.Чойбалсан, С.Данзан. Д.Догсом, Л.Лосол нарт даалгаж, 1925 онд анхны намтар нь хэвлэгдсэн байна. Түүнээс хойш 1943, 1965, 1967, 1973, 1983 онуудад нэмж засварлаж, дахин хэвлэхдээ Янжмаа нь төрсөн эцэг Дондооны Намэндэйг ах гэдэг байсан учир Сүхбаатар бас ах гэдэг байсан гэсэн жигтэй тайлбарыг огт засаагүй хэвлэсэн нь Янжмаагийн овгийг Сүхбаатар болгож зассанаа нуух шалтаг болсон төдийгүй жаахан Дамдин нас барсан байсан учир буриадыг нь нууж, Ёст бэйсийн хошууны халх хүн болгож Дамдиныг хэлмэгдүүлжээ.
 
Жаахан Дамдиных Ёст бэйсийн хошуунд хэзээ ч нутаглаж байгаагүй. Тэнд тэдний хамаатан садан гэх ганц ч хүн байхгүй. Жаахан Дамдин нийслэл хүрээнд 1890 онд биш, 1918 оны эцсээр анх ирсэн нь олон хүний дурсамжаар батлагдаж байна.
 
Д.Сүхбаатар нь өөрийн алба хааж явсан Оросын Улаан армийн Кубаны алдарт V морьт дивизийн дайчдад монгол дээл өмсгөж, Хиагт хотод бүгсэн байлдааны бүрэн зэвсэгтэй 10 мянга гаруй гамин цэргийг 400 партизан морьт цэрэгтэйгээ хүч хавсран байлдаж, 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр бут цохин хөөн зайлуулсан тухай зууны нийтлэлч Баабарын “Нүүдэл шийдэл, олз гарз” номонд дурьдсан байдаг. Оросын коммунистууд Ар монголд МАН, Ардын засгийн газар байгуулах тусгай үүрэг даалгавар өгч, Д.Сүхбаатарыг илгээсэн байж болохыг доктор П.Нэргүй гадарлаагүй учир Хөх толбо сонины өнгөрсөн оны 22 (934) дугаарын III нүүрэнд нийтлүүлсэн өгүүлэлдээ коминтерны төлөөлөгч Сергей Степанович Борисов, Хиагт дахь ЗОУ-ын ерөнхий консул Отто Иванович Макстеникийг Эрхүү рүү 1921 оны наймдугаар сард шууд татсан. 
 
Нэмж хэлэхэд О.Макстеник чухамхүү Д.Сүхбаатараас аль газраар хов орсныг олохыг гуйсан нь  сонин юм” гэж гайхан бичжээ. С.С.Борисов, О.Макстеник, Д.Сүхбаатар, Э.Ренчино нар нь Эрхүү мужийн ОКН-д харъяалагддаг, бие биеэ таньдаг байсан нь үүгээр нотлогдож байна. 1921 оны зургадугаар сард МАН-ын зөвлөх, Ардын Засгийн газрын зөвлөх, Бүх цэргийн зөвлөлийн дарга тушаалтайгаар Э.Ренчино нь солонгос эхнэрийнхээ хамт Монголд орж ирсэн Бүх цэргийн зөвлөлийн дарга бол хамгийн том албан тушаал юм. Энэ тогтолцоо өнөөдөр ч Хятад, Хойд Солонгос, Вьетнамд үйлчилж байна.
 
Судлаач С.Баттогтох нь Монголд Ленинч коммунистууд яаж Сталинч коммунистуудаар солигдсоныг НАХЯ-ын архивын материалыг уйгагүй шүүрдэж судалжээ. Монголын хувьсгалчид Сталинистуудын эсрэг тун зөв чиглэл барьж, тэмцэл хийж хожим нь хэлмэгдэн цаазлуулж байсны учир ийнхүү тайлагдаж эхэлж байна.
 
Д.Сүхбаатар нь хүлээсэн үүргээ биелүүлж, Нийслэл хүрээнд буй болсон С.Данзангийн нууц бүлэгт элсэж, лам Д.Бодоогийн тэргүүлсэн нууц бүлэгтэй холбоо тогтоож хилийн гадна дээд Хиагтад МАН-ын анхдугаар их хурлыг 1921 оны гуравдугаар  сарын 1 ний өдөр хуралдуулж, С.Данзанг МАН-ын дарга, 1921 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Ардын Түр Засгийн газрыг байгуулж ерөнхий сайдаар Д.Бодоог томилж, өөрөө цэргийн яамны сайд буюу МАН-ын бүгд цэргийг ерөнхийлөн захирагч болжээ. 
 
Д.Сүхбаатар нь Нийслэл хүрээнд орж ирээд хэмжээт цаазат Богд хаант улсыг байгуулаад зогсохгүй Буриад монгол, Ар монгол, Өвөр монголыг нэгтгэж, Богд хаанаар толгойлуулсан Нармай Монгол Улсыг байгуулах панмонголист үзлийг тууштай баримталдаг халуун эх оронч сэтгэлтэй нь тодорхой болсон учир улаан цэргийг эх орноосоо гаргах шаардлагыг нь эсэргүүцэж түүгээр шалтаг хийж албан тушаалаас нь огцруулж, улмаар 1923 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр хоолонд нь хор хийж хордуулан амийг нь бүрэлгэжээ.
 
Э.Ренчино коминтерноос томилогдож ирээд Их Оросын коммунист намын тэргүүн И.В.Сталины монгол орныг бүрэн эрхшээлдээ оруулж, ангигүй нийгэм байгуулах туршилтын эхний золиос нь Барон унгернд хүчин зүтгэсэн монгол цэргийн тэргүүн жанжин Цэвээнтэргүүтэй Эзэн Чингисийн алтан ургийн 14 хүнийг Монгол Улсын дотоод хэрэгт хэт их оролцож байгааг эсэргүүцсэн Ерөнхий сайд Д.Бодоогийн хамт устгах ажлыг хийхдээ цэргийн зөвлөлийн гишүүн, цэргийн яамны сайд Д.Сүхбаатарын хамт гарын үсэг зурсан баримт байдаг. Хоёр дахь ээлжийн золиос нь өөрөө болж, дараа нь С.Данзан буудуулж, VIII Богд Жавзандамба хаан цагаасаа өмнө Оросуудад хорлогдон нас барсан юм.
 
Тэдний хоолонд нь хор хийж өгөхөд Д.Сүхбаатар жанжин тэр даруйдаа амьсгал хураасан ба түүнийг хатгаа тусч нас барсан хэмээн зориудаар цуурхал тараажээ. Тэрээр өдөржин ажиллаад хоол их идсэн байж. Харин хүү Галсан нь бага идсэн тул 15 хоногийн дараа. эхнэр Янжмаа нь сарын дараа ухаан орж сэргэсэн тухай 1990-ээд оны эхээр “Ардын Эрх” сонинд өгсөн Д.Сүхбаатарын хүү С. Галсангийн ярилцлагаас уншиж байсан юм. Булавч бултайна, даравч дардайна гэдэг нь энэ болжээ.
 
Д.Сүхбаатарын аав ээж нь Амбасын шоронгийн хянагч хийж байх үедээ Жанжин клубын дэргэд эсгий гэрээ барьсан газрыг нь түүхч О.Пүрэв тогтоож, тус газар нь Д.Сүхбаатар 1893 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр төрсөн тоонот газар нь мөн байна хэмээн үзээд, дурсгалын багана босгуулжээ. Тэрээр Д.Сүхбаатар нь Дэндэв, Аранжин нэртэй хоёр ахтай, Долгор гэдэг охин дүүтэй хэмээн зохиогоогүй. Мөн эцгийнх нь таван үе, эхийнх нь дөрвөн үеийг худал нэрлээгүй нь үнэн юм.
 
Д.Сүхбаатар сангийн тэргүүн түүхч С.Лувсанноров гуай оргүй хоосноос зохиогдсон худал намтрыг нь хамгаалсаар байна. О.Пүрэв, Б.Цэнддоо нар Д.Сүхбаатарыг халх хүн биш гэдэгт итгэлтэй байна. Тэд түүний намтрыг хуурамчаар зохиосон гэдгийг нь гадарлаж буй бололтой. Д.Сүхбаатарын гарал үүслийг үнэн зөв тогтоож чадахгүй хэдий хүртэл маргалдахав. Монголчуудын XX зууны эхэн үеийн алдартай хүмүүсийн намтраас гарал үүслээр нь маргаантай нэрээр хэдий болтол хасах гээ вэ?
 
Буриад монголын сод хүү их жанжин Д.Сүхбаатар нь бүх монголчуудын бахархал болж, эх орныхоо эрэлхэг хүүгээр тодорч, түүний нэрээр аймаг, сум нэрлэгдэж, үндэсний мөнгөн тэмдэгт дээр дүр нь заларч, төв талбайд  хүрэл хөшеөг нь босгосон хэрнээ гарал үүсэл дээр нь өнөө хүртэл маргалдсаар байгаа мь хачирхалтай юм. Миний нийтлэл энэхүү маргаанд цэг тавихад хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна.
 
Зууны нийтлэлч Баабар “Өдрийн сонин”-ы өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн №295 (5560) дугаарт “Сүхбаатар ба Зориг” нийтлэлдээ "... цагаантныг цохихын тулд улаан цэрэг Монголд орж ирэн үүргээ гүйцэтгээд даруй эргэж гарна гэсэн тохиролцоог Троицкосовскад 1921 оны гуравдугаар сарын 6-ны өдөр оросуудтай голчлон хийсэн хүний нэг нь Д.Сүхбаатар өөрөө. 
 
Ийм ч учраас хариуцлагаа ч мэдэрсэн байх. Нөгөө талаас орос цэргүүд зохион байгуулалттайгaар олон газарт дээрэм тонуул, хүчин хийсэнд дургүйцсэн Богд хаан Д.Сүхбаатараар дамжуулж дургүйцлээ илэрхийлж, тэднийг Монголын нутгаас үтэр түргэн гарахыг шаарджээ. Сүхбаатар ч үүнийг улаан цэргийн удирдлагад хэлж, цэргээ гаргахыг тулгажээ. 
 
Үүнд оросууд ихэд эмзэглэж, болиулах арга хэмжээ авахыг шaардсан цахилгаан мэдээ архивт үлдэж хоцорсон. Хэд хоногийн дараа жанжин Сүхбаатарыг цэргийн яамны сайдаас нь огцруулж, оронд нь дэд сайд Хатанбаатар Магсаржавыг томилсон. Тун удалгүй жанжин гэнэт нас барлаа. Хожим намтар судлалд бичихдээ огцорсон сайдыг гэнэт хүндэтгээд дурсгалыг нь мөнхжүүлэхээр боллоо. 
 
Уран илтгэгч, эх орны эрэлхэг хүү, түүхэн гавьяат зүтгэлтэн, монголын орчин үеийн түүхийн сод төлөөлөгчдийн нэг, бахархалт баатрын хувьд Сүхбаатарын нэр олон хядлага, улс төрийн хэрэг, завхруулга, гүтгэлэг, яллага, гуйвуулга, нугалааны зөвтгөл болон ашиглагдаж байснаас гадна олон хүнийг хоолтой нь залгуулж, хүний шаар болсон олон, олон амьтдыг гавьяат үйлстэн болгон мандуулсан... ” гэж бичжээ.
 
 Дорнод аймгийн Хэрлэн сумын VII багийн иргэн Ц.Мөнхдорж