sonin.mn
ЛОНДОН. /BBC/. Сириэс ирээд орогнол хүссэн 27 настай нэгэн дүрвэгчийг Австрийн эрх баригчид “террорист сэдлээр аллага үйлдсэн” гэж буруутгажээ.
 
Шүүгдэгч этгээд Сирийн Хомс хотод болсон тулалдааны дараа зэвсэггүй болон шархадсан сиричүүдийг буудан амийг нь хороожээ.
Түүнийг шүүх хурал 3 дугаар сарын сүүлчээр болох аж.
 
"Der Standart" сонинд бичсэнээр, гэмт этгээд нь Хомс хот дахь дүрвэгчдийн лагерьт өссөн иргэний харьяалалгүй палестин залуу ажээ.
Алуурчин гэгдэж буй энэ залуу Австри дахь дүрвэгчдийг байрлуулах төвд байхдаа өөрийнхөө талаар “би "Сирийн Чөлөөт армитай” холбоотой лалын бүлэглэлийн эгнээнд байлдаж байсан, засгийн газрын цэргүүдийг алж байсан" гэж бусаддаа ярьжээ.
 
Өнгөрсөн онд Австрийн эрх баригчид энэ хүний өнгөрсөн амьдралынх нь талаар олж мэдсэнийхээ дараа түүнийг мөрдөн байцааж эхэлжээ.
Харин шүүгдэгч буруугаа хүлээхгүй байгаа аж. Түүний өмгөөлөгчид "тухайн үед энэ залуу сэтгэцийн хүнд эмгэгтэй байсан" гэж баталж байгаа аж.
Хэдийгээр сэжигтэн этгээд Австрийн иргэн биш бөгөөд тус улсын нутаг дэвсгэр дээр гэмт хэрэг үйлдээгүй боловч түүнийг буцаан Сири рүү явуулах боломжгүй, учир нь тэнд байлдааны ажиллагаа үргэлжилсээр байгаа юм.
 
Улсынх нь нутаг дэвсгэрээс гадна үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө сэжигтнийг шүүхэд өгөхөөр болсон нь Австрийн хувьд анхны тохиолдол аж.
Зэвсэггүй, шархадсан цэргүүдийг хөнөөхийг Женевийн Конвенцид хориглосон байдаг.
 
Австрийн албаныхны мэдэгдсэнээр, сэжигтний ярьсан үйлдлүүд нь терроризмын гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд терроризмтой тэмцэх олон улсын хэлэлцээрийг үндэслэн түүнд ял оноож магадгүй юм.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг