sonin.mn
БЭЭЖИН. /TASS/. Хятадын Google гэгддэг интернет хайлтын системийг хөгжүүлэгч "Baidu" компани хиймэл оюун ухаан бүтээх ажлыг гүйцэтгэх судалгаа шинжилгээний лабораторийг хариуцан ажиллуулахаар болжээ.
 
"China Daily" сонинд бичсэнээр, уг төслийг Хятадын Хөгжил, шинэчлэлийн улсын хороо дэмжсэн байна.
Тус компани өгөгдлийн санг боловсруулах, алгоритм зохион бүтээхэд шаардагдах хөрөнгө хэрэгслээр тус лабораторийн судлаачдыг хангах юм. “Зорилтоо биелүүлэхийн тулд тус лабораторид бүх талын дэмжлэг үзүүлэх болно” гэж Baidu-гийн захирал Ли Яньхун мэдэгдсэн байна.
 
“Хиймэл оюун ухаан бүтээх нь улсын хэмжээний зорилт болох ёстой, учир нь хиймэл оюун ухаан бий болсноор аж үйлдвэрийн салбар, үйлчилгээний салбар, түүнчлэн цэргийн аж үйлдвэрлэлийн цогцолборт өөрчлөлт гарна” гэж шинжээч Ван Гуаньчунь үзэж байна.
 
Шинэ лабораторийн хамт олон Америкийн хиймэл оюун ухааны бүтээлүүдээс хамаарах хамаарлыг багасгахын тулд суурь судалгаанд анхаарлаа төвлөрүүлэх ажээ.
Baidu-гийнхан үзүүлэлтээрээ AlphaGo-тэй эн зэрэгцэхүйц хиймэл оюун ухаан бүтээх зорилт тавьсан байна.
 
Google-д харьяалагддаг DeepMind компанийн боловсруулсан AlphaGo программ нь го гэдэг ширээний тоглоомын хамгийн хүчтэй мастеруудын нэг болох Өмнөд Солонгосын иргэн Ли Седоль-ийг эхний тоглолтонд хожсон юм.  
 
AlphaGo нь самбар дээрх дүрсүүдийн байрлалыг тодорхойлохын тулд утгын сүлжээ гэдэг зүйлийг ашигладаг бол нүүдлээ сонгохын тулд дүрмийн сүлжээг ашигладаг байна. Эдгээр нейрон сүлжээнүүд нь урьд өмнө нь тоглогдсон өргүүдэд дүн шинжилгээ хийх замаар, мөн ганцаараа тоглох үедээ оролдлого хийх, алдаа хийх замаар уг тоглоомыг тоглож сурдаг байна.
 
AlphaGo нь нийт өргийн 99,8 хувьд нь бусад программуудыг хожсон төдийгүй го тоглоомын Европын аваргыг 5:0 харьцаагаар илүүрхэн ялжээ.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг