sonin.mn
МАДРИД./Xinhua/. Өөрийн удирдаж байсан Испанийн хоёр банкнаас мөнгө завшсан хэргээр Олон улсын валютын сангийн /ОУВС/ тэргүүн асан Родриго Рато-д 4.5 жилийн хорих ял оноолоо.
 
Р.Рато болон эдгээр банкны 60 гаруй ажилтан бүртгэлгүй зээлийн картууд ашиглан мөнгө завшиж, тансагладаг байсан болохыг Мадрид хотын шүүх тогтоожээ.
Тэд 2003-2012 оны хугацаанд “Caja Madrid” болон “Bankia” банкнаас ийм карт ашиглан 12 сая евро завшсан байна. Харин өдгөө 67 настай Р.Рато үүнийг үгүйсгэн няцааж байв.
 
Хүнд байдалд орсон “Bankia” банкийг 2012 онд улсаас их хэмжээний мөнгө гарган аварч байжээ. Тус банкинд бага хэмжээний мөнгө хадгалуулсан 200 мянга орчим хүн “хадгаламжаа хувьцаа болгосон нь дээр” гэсэн ятгалгад автан мөнгөө алдсан байна.
 
2003-2012 онд гаргасан бүх зээлийн картыг татварын албаныханд бүртгүүлээгүй байжээ.
2012 онд "Bankia” банк дампуурлын ирмэгт ирснээр Р.Рато тус банкны захирлын албан тушаалаас огцорсон аж.
Тэрбээр 2004-2007 онд ОУВС-г удирдахаасаа өмнө Испанийн Эдийн засгийн сайдаар ажиллаж байжээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг