sonin.mn
Бид, Монголын ард түмэн, 1990 онд Ардчилсан хувьсгал хэмээх үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг өрнүүлэхдээ, юуны төлөө юу хийж байгаагаа гүн гүнзгий ухамсарлаж, үр дүнг нь дотоод гадаадын урвасан хулгай, зальхай этгээдүүдэд алдалгүй, зөв хөгжлийн замд гарч болох л байсан. Гэвч...
 
Бид газар дээрхи бүхий бүтээн байгуулалтаа хуу хаман устган сөнөөж, урагш зөөн уранхай оймс, цоорхой бандаашиг, өвгөнт архи, хортой пийжүүгээр арилжилгүй, хийж бүтээхийг хийморио болгож, байгаа үйлдвэр аж ахуйгаа эзэн хүн шиг тордоод, хиймэл бус жинхэнэ гарвальтай, чанар сайтай бүтээгдэхүүнээ хаана ч атугай үнэд хүргэн, хангалуун чинээлиг аж төрж болох л байсан. Гэвч...
 
Бид цаг ямагт урвагч хулгайчдыг шилдгийн шилдгээ гэж үзэн сонгож, тэдний л хий гэсэн бүхнийг хийж, хэл гэсэн бүхнийг хэлж, манкурт, зомби адил гөлийн салгалсаар, хулгайч феодалын, хагас мао, хугас сталин үзэл сурталтай бурангуй нийгмийг биш, эрүүл саруул, үндэсний ардчилсан нийгмийг байгуулж болох л байсан. Гэвч...
 
Бид байгалийн асар их баялгаа харьд бэлэглэн, шан харамж горьдож, угаадас шавхрууг нь булаалдаж, неоколоничлогчдын боол зардас болох гэж үхэлдэж, ертөнцөд байхгүй гутамшигт шившигт байдалд живэлгүй, түгээмэл ном журмаар нь олборлож ашиглаж, шаардлагатай зарим гадаадын мэргэжилтнийг цалин юуг нь олгоод ажиллуулж багшлуулж, бөмбөрцөг даяар шагшсан баян тансаг, жаргалтай цэнгэлтэй гүрнийг цогцлоож болох л байсан. Гэвч...
 
Бид Монгол улс гэдэг нь хулгайлж хумслах, урваж шарвах, хар амиа хоохойлж, хар толгойгоо хаацайлдаг тамын тогоо гэж сэтгэх төвшний үндэсний доройтолд уналгүй, монгол үндэстнийхээ үнэ цэнэтэй бүхнийг, эх оронч зүрх сэтгэлийг эрхэмлэн дээдэлж, хөгжүүлэн дэвжээж, мандуулан бадрааж болох л байсан. Гэвч...
 
Бид улам бүрээр оюуны хоосролд автаж зэрлэгшин, хүн гээч нь хүнсийг ялзалж, хөдсийг нөмөрдөг мал адгуус мөн гэх ойлголт руу уруудаж, тэвштэй тэжээл рүү уралдаж өрсөлдөн, бие биеийг мөргөж хажиглаж, сүх далайтал үхэр амар хэмээн мөөрч хивж хэвтэлгүй, хүмүүн төрөлхтний хамгийн эрхэм дээд оргилын нэг болсон оюунлигийг шүтэн эзэмшиж, сурч боловсроход шунан дурлаж, танин мэдэхүйг тааламж хэмээж, монголчууд гээч нь худал IQ сайтай гэж бурдаггүй, үнэн эрдэмт хүн дөлгөөнийг үлгэрлэсэн бишрэм багш нар ажээ гэж харагдаж болох л байсан. Гэвч...
 
Бид мөнгө, харь, чөтгөр гурав л чандмань эрдэнэ болой хэмээн залбирч бузардан, арван хар нүглийг ид хав болгож, ааг омгоо багтааж ядан үйлдэж, арван цагаан буяныг хориглон цаазалж, үзэн ядалгүй, хүний хамгийн нандин эрдэнэ болсон мөс чанаруудыг шүтээнээ болгож, бурхан хүмүүст хувилан гэгээ сацрааж болох л байсан. Гэвч...
 
Бид хорвоогийн сайн сайхан бүхэнд хүрч болох байсан. Гэвч...
Бид ядаж амьдарч болох байсан. Гэвч...
 
Ч.Мөнхбаяр