sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой өнөөдөр тохиож байна.
 
Дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 10-нд нээлтийн ёслол хийж, гэрэл зургийн үзэсгэлэнг ГХЯ-нд зохион байгуулан баярын захидал солилцжээ.  
 
Уг ойд манай улсын Засгийн газар өмнөх ойн арга хэмжээнүүдээс чухал ач холбогдол өгч, жилийн турш ёслол төгөлдөр тэмдэглэх юм. Ойн арга хэмжээг зохион байгуулах хороог Гадаад харилцааны сайд ахалж, хорооны бүрэлдэхүүнд УИХ дахь Монгол, Японы найрамдлын бүлэг, Гадаад харилцааны яам, Сангийн яам, БСШУСЯ, нийслэлийн ЗДТГ, МҮОНРТ, Монгол, Японы найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгүүд зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл ажиллаж байна.   
 
Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 2017 онд хоёр орны хууль тогтоох дээд байгууллагын удирдлагыг харилцан айлчлуулах, Монгол, Японы харилцааны түүхэн хөгжлийг харуулсан баримтат кино, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, товхимол гаргах, Япон Улсад Монгол хувцасны шоу, Монголын ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Морин хуурын чуулгын тоглолт, Монгол Улсад Японы “Комаки балет”-ын тоглолт, “Икэбана шоу” зэрэг урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах, хүүхэд залуучуудын дунд Япон орны тухай уран илтгэл, зохион бичлэг, дууны уралдаан зохион байгуулах зэрэг нийт 45 арга хэмжээг хэрэгжүүлэх аж.    
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг