sonin.mn
 
ЖЕНЕВ. /Reuters/. Сирид хүмүүнлэгийн тусламж үргэлжлүүлэн үзүүлэх хэрэгтэй байна гэж НҮБ-ын нөлөө бүхий албан тушаалтан онцлон тэмдэглэлээ.
 
НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн газрын тэргүүн Стивен О'Брайен хэлэхдээ “Сирид зургаан жилийн өмнө иргэний дайн эхэлснээс хойш тус улсын хүн амын талаас илүү хувь нь орон гэрээсээ дүрвээд байна” гэв.
 
О'Брайен өчигдөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд Сирийн нөхцөл байдлын талаар тайлагнахдаа “хоол хүнс болон эм тарианы хомсдлын улмаас Сирийн бүслэлтэд байгаа хотуудад хүмүүс үхэж байна” гэжээ.
 
“Лалын улс” бүлэглэлийн эсрэг явуулж байгаа цэргийн ажиллагааны улмаас энгийн номхон иргэд олноороо амь үрэгдсээр байна.
 
О'Брайены мэдэгдсэнээр, 2011 оноос хойш Сирийн 6.9 сая иргэн улс орныхоо дотоодод дүрвээд байна. Наад зах нь 4.9 сая хүн хөрш улсууд руу дүрвэж, ойролцоогоор 1.2 сая хүн Европын орнуудаас орогнол хүсчээ. Нийтдээ 12.4 сая хүн орон гэрээсээ дүрвээд байна.
 
Одоо Сирид үлдсэн хүмүүсийн ихэнхийг яаралтай хамгаалалтад авч, тэдэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хэрэгтэй байна гэж О'Брайен хэлэв. Өнөө маргаашгүй улс төрийн тохиролцоонд хүрч чадахгүй бол Сирийн хямралыг шийдвэрлэхэд хэдэн сар байтугай хэдэн жилийн хугацаа орох болно гэж тэрбээр анхаарууллаа.
 
Г.Доржханд
 Эх сурвалж: “Монцамэ” агентлаг