sonin.mn
Улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь өвчтөн буюу даатгуулагч, эмнэлэг, даатгалын байгууллага гэсэн гурван талт харилцаан дээр тогтдог. Энэ удаагийн нийтлэлдээ даатгалын байгууллагын талаар дэлгэрэнгүй өгүүлье.
 
 
Даатгуулагч даатгалын байгууллагад шимтгэлээ төлөх бөгөөд тухайн даатгуулагч эмнэлгийн үйлчилгээ авсан тохиолдолд нийт эмчилгээний зардлын 70 хувийг даатгалын байгууллага эмнэлэгт төлдөг. Японд даатгалын байгууллагууд ерөнхийдөө гурван гол үүргийг гүйцэтгэдэг.
 
Нэгдүгээрт, санхүүгийн орлого, зарлагыг зүй зохистой хянах буюу даатгуулагчийн жилийн эмчилгээний зардлыг таамаглаж, шимтгэлийн хувь болон хүн нэг бүрийн шимтгэл төлөх хэмжээг тогтоох нь хамгийн гол үүрэг байдаг. Өвчтөн эмчилгээний зардлаа төлөх боломжгүй бол эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүйд хүрнэ. Тиймээс, нарийн тооцоолол дээр үндэслэн шимтгэлийн хэмжээг тогтоохоос гадна мөн даатгуулагчдын шимтгэл төлөлтийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажилладаг. Ажил олгогч тал ажилчдынхаа шимтгэлийг нэгтгэж төлдөг учир аж ахуйн нэгжүүдтэй нягт хамтран ажиллах шаардлагатай байдаг. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгч, оюутан, тариаланч гээд зөвхөн өөрөө  шимтгэл төлж буй иргэдтэй найрсгаар харьцаж, шимтгэл төлөлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй болдог. Японд 24 цагийн жижиг дэлгүүр, кредит картаар шимтгэлээ төлөх, цаашлаад сар бүр данснаас автоматаар суутгуулах зэрэг аргыг ашигладаг. Түүнчлэн, өсөн нэмэгдэж буй даатгуулагчдын эмчилгээний зардлыг бууруулахын тулд эмчилгээ, эмийн үнийг тогтоодог үндэсний зөвлөлд гишүүнээр оролцож, байр сууриа илэрхийлдэг. Эмчилгээг мэргэжлийн өндөр төвшинд, бүрэн хийж дуусгах хүртэл ихээхэн зардал гардаг. Үр дүн өндөр эмчилгээний аргад арай өндөр үнэ тогтоох (үр дүн муутай эмчилгээг олон удаа хийж өндөр зардал гаргаснаас арай өндөр үнээр чанартай эмчилгээ хийлгэх зорилготой ба эмнэлэг улсаас арай өндөр үнээр тогтоосон эмчилгээний аргыг санал болгодог) зэрэг зохицуулалтыг хийж өгснөөр чанартай үйлчилгээ үзүүлж, зардлыг тодорхой хэмжээнд барих бодлогыг тус зөвлөлийн хэлэлцүүлэгт тусгаж, саналаа оруулдаг.
 
 
 
Хоёрдугаарт, даатгуулгагчдад соёлтой, шуурхай үйлчилгээ үзүүлдэг. Японд даатгалын байгууллагаас даатгуулагч, түүний гэр бүлийн гишүүн бүрт эрүүл мэндийн карт олгодог. Карт олгох хугацаа удааширвал эмчилгээ хийлгэж байгаа өвчтөн, гэнэт өвдөх хүүхдэд хүндрэл учруулах тул аль болох түргэн хугацаанд картыг олгож, картын дугаар, нэр алдаагүй байгаа эсэхийг хянадаг. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй даатгуулагчид даатгалын байгууллагаас олгох тэтгэмжийг удаахгүй байх тал дээр анхаардаг. Учир нь даатгалын байгууллага шилжүүлгээ удаах нь өвчтэй байгаа хүн, түүний гэр бүлийг хүнд байдалд оруулах тул түргэн шуурхай үйлчилгээг хамгийн чухалд үздэг. Түүнчлэн, даатгуулагчийн асуултад хариулах ,зөвлөгөө өгөхөд анхаарч ажилладаг. Үүнд эрүүл, зөв хооллолт гэж юу болох, хэрхэн эрүүл хоол бэлтгэх, зав чөлөөгүй ч хэрхэн дасгал хөдөлгөөн хийх тухай төрөл бүрийн зөвлөгөө өгч ажилладаг. Интернэтээр ч дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл гаргадаг.
 
 Гуравдугаарт, даатгуулагчдын эрүүл мэндийг хянадаг. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь өвчтэй болсон хойноо эмчилгээ хийлгэх үед санхүүгийн дэмжлэг болох гэхээсээ илүүтэйгээр  даатгуулагчийг эрүүл байлгах тал дээр анхаардаг. Жишээлбэл, Японы компаниуд ажилтнуудаа жилд нэг удаа заавал эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулах үүрэгтэй байдаг. Харин аж ахуйн нэгжид харьяалагддаггүй хувиараа хөдөлмөр эрхлэгч, оюутан, даатгуулагчийн гэр бүлийн гишүүдийг үзлэгт хамруулахын тулд үнийг хямдруулах, даатгалын байгууллагатай гэрээтэй эмнэлэгт үнэ төлбөргүй үзлэгт оруулдаг байна.
 
Эүүл мэндийн үзлэгт үндэслэн, нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай даатгуулагчийг хүндээр өвчлөх эрсдэлээс хамгаалж эмнэлэгт хандахыг зөвлөдөг ба даатгалын байгууллагын эрүүл мэнд хариуцсан ажилтан энэ хүмүүсийн гэрт очиж амьдралын хэв маяг, зөв хооллолтын зөвлөгөө өгдөг.
 
 Мөн даатгалын байгууллага гэрээтэй ажилладаг аж ахуйн нэгжүүддээ эрүүл мэндийн бүх төрлийн зөвлөгөө өгдөг мэргэжилтэнг томилж, ажилтнуудын эрүүл мэндэд анхаардаг. Энэ нь ажлын бүтээмжид сайнаар нөлөөлнө. Даатгалын байгууллага нь эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг мэргэжилтэнтэйгээс гадна гаднаас мэргэжилтнүүдийг гэрээгээр авч ажиллуулдаг аж.
 
Ийнхүү Японы даатгалын байгууллага зөвхөн шимтгэл цуглуулж, эмчилгээний зардлын тодорхой хувийг эмнэлэгт төлөөд зогсохгүй даатгуулагчдын эрүүл мэндийг хамгаалсан олон ажлыг хийж гүйцэтгэдэг байна.
 

Төслийн ахлах зөвлөх

ЯМАШИТА МАМОРУ
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин