sonin.mn
Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан ахмадын холбооны IV чуулган өчигдөр УДЭТ-т боллоо.  Ардчилсан намын даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ сонгогдож ажлаа хүлээн аваад удаагүй байгаатай холбогдуулан ахмадын холбооныхон цагаан сарын өмнө уулзахаар товлосон нь энэ юм.
 
Тус холбоо нь 1998 онд байгуулагдаж байсан бөгөөд анхдугаар чуулганаараа холбооныхоо даргаар    А.Дашнамжилыг  сонгож байсан гэдэг.  Ийнхүү 20 гаруй жилийн хугацаанд гурван удаа чуулж, намаа хүнд хэцүү нөхцөл байдалд байхад нь тус дэм болж, залуу үедээ заавар зөвлөгөө өгч иржээ.
 
Энэ удаа тэд намын даргаа  шинээр сонгогдсонтой холбогдуулан холбооныхоо даргыг шинээр сонгох нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн энэ удаа холбооныхоо дүрмийг хэлэлцэж шинэчлэн баталлаа. Ардчилсан ахмадын холбооны IV чуулганы үдээс өмнөх хуралдаан нээлттэй болж, үдээс хойш хаалттай үргэлжиллээ.
 
Төлөөлөгчдийн олонхийн саналаар тус холбооны тэргүүнээр Ш.Батбаярыг сонгосон байна. Мөн чуулганы үеэр тус холбоо нь ардчиллын түүхэн замналыг залуучуудад ойлгуулах, залуу үеийн хэлхээ холбоог бэхжүүлэх зорилт тавьж ажиллаж байгааг танилцууллаа. Ахмадын төлөөлөл болох Чингэлтэй дүүргийн ардчилалын ахмад гишүүн Б.Бадамхатан “Ардчиллын буянаар иргэд амьдарч буй орон сууцаа хувьчилж авсан. Өнөөдрийн Монгол Улсын хөгжил ардчилалтай зайлшгүй холбоотой.
 
Мэдээж хэрэг сайн, муу хосолж эрх чөлөөтэй болохын сацуу эмх замбараагүй байдал, төрийн бүтэц, эцэс төгсгөлгүй хүнд суртал авилга  байгаа нь үнэн. Энэ бүгдийг ажил болгож, бүтээн байгуулалтаа улам эрчимжүүлэхэд ахмад үеийн үүрэг оролцоо их бий.  1990-ээд оны ардчилалын тэмцэлийг залууст таниулах, ямар үнэ цэнээр олж авсан нийгэм бэ гэдгийг  ойлгуулах, цаашид авч явах залуу үеийн хэлхээг бат бөх болгох нь ахмадын холбооны зорилт болоод байна. Өнөөдөр 21 аймгийн төлөөллүүд үг хэлж саналаа солилцсон нь энэ  зорилтод хүрэхэд чухал үүрэгтэй гэж бодож байна” гэв. 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин