sonin.mn
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжавтай ярилцлаа.
 
-Намрын чуулган хааж гишүүд тойрогтоо ажиллаж байна. Чуулганыг хэр үр дүнтэй ажилласан гэж та дүгнэж байна вэ?
 
-Намрын чуулганы өмнө цаг үеийн тулгамдсан  олон асуудал байсан. Ер нь хариуцлагыг мэдрүүлсэн, ухамсарлуулсан чуулган болсон гэж үзэж байна. Хамгийн түрүүнд эдийн засгийн хүндрэлийг даван туулах гарцыг олох хариуцлага хүлээж байлаа.  
 
Өр зээлтэй, гадаадын хөрөнгө оруулалт зогссон хүндхэн эдийн засгийг хүлээж авсны дараа бодлогын  томоохон өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй болсныг бүгд мэдэж байсан. Эдийн засгийг тогтворжуулах өсөлтийг хангах зорилгоор хөтөлбөр баталлаа. Гэсэн ч өнөөдөр байдал хүнд байгааг бид харж байна.
 
Төсвийн байгууллага бүх шатандаа сахилга хариуцлагатай, хэмнэлтийн горимд ажиллаж байна. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь хамгийн чухал. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдийг дэмжиж жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй 4700 аж ахуйн нэгжийн татварыг нэг хувь болгож  тоног төхөөрөмжийг нь гаалийн татвараас чөлөөллөө. Ахмад настны тухай хуулийг шинэ оны өмнө баталсан. Уг хууль батлагдсанаар хаврын тэргүүн сарын шинийн нэгэн болон Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан жилд хоёр удаа ахмадуудад “Насны хишиг” олгох юм. Удахгүй болох сар шинийн баярын өмнө 122 орчим мянган ахмад настан 20.5 тэрбум төгрөгийг гар дээрээ авч эхэллээ. Мөн тэтгэврийн зээлийн хүүг 18 хувь байсныг 15 болгож бууруулсан гээд эдийн засгийн хүндрэлийн үед иргэддээ чиглэсэн шийдвэрүүдийг гаргаж чадсан үр дүнтэй чуулган болсон.
 
Хэдийгээр эдийн засгийн хүндрэлтэй, улс орны санхүү сайн биш байгаа ч нааштай зүйл ажиглагдаж байна. Манай улсын төсвийн орлого, тусламж энэ оны эхний сард 440 тэрбум, зарлага 465 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад төсвийн алдагдал 30 тэрбумаар буурсан. Гадаад худалдааны тэнцэл 151 сая ам.долларын ашигтай гарч экспорт 30, импорт 40 хувиар нэмэгдсэн байна. Боловсруулах аж үйлдвэр 20 орчим хувиар өссөн  тооцоо бий. Ингэснээр хямралаас гарлаа гэсэн үг биш. Хүндрэл, хямралыг  богино хугацаанд арилгачих зүйл биш гэдгийг бид харж байна.
 
-Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны намрын чуулганы явцад нэлээд ачаалалтай ажилласан гэж байсан. Хэлэлцсэн хуулиудаа бүгдийг нь батлуулж амжив уу?
 
-Намрын чуулганы хугацаанд манай байнгын хороо дунджаар 63.15 хувийн ирцтэйгээр 10 удаа хуралдаж, давхардсан тоогоор 27 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төсөл тавыг, сайдын мэдээлэл гурвыг  сонсч, Улсын Их Хурлын тогтоол хоёрыг батлуулсан байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Мал амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хэнтий Хаан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай гээд салбарын томоохон хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
 
Түүнчлэн гурван томоохон хэлэлцүүлгийг хийлээ. Мэргэжлийн байгууллагын төлөөллийг бүгдийг нь оролцуулан гарц шийдэл хайсан хэлэлцүүлэг хийснээр өнөөдөр асуудал шийдэгдэх боломж бүрдэж байгаа. Тухайлбал, “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг хийсэн. Энэ хэлэлцүүлгээр тулгамдаж буй асуудал, бэрхшээл, хүндрэлүүдийн талаар  үнэлэлт, дүгнэлт өгч цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар “Зөвлөмж” гарган холбогдох газруудад хүргүүлсэн. Ямар боловч манай байнгын хороо нийслэлчүүдээ шинэ цэвэрлэх байгууламжтай болтол шахаж шаардаж ажиллах болно.
 
Мөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой хамтран“Ариун цэврийн байгууламж-Нүхэн жорлон”,  “Монгол орны бэлчээрийн төлөв байдал, тулгамдсан асуудал” хэлэлцүүлгүүдийг хийсэн байна. Бэлчээрийг хамгаалахын тулд бие даасан хууль гаргах нь оновчтой эсэх, хуулиар зохицуулах бол бүс нутгийн онцлогийг хэрхэн харгалзах, уул уурхайн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоог багасгах, малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн зөв эргэлтэд оруулах, газрыг ашиглах, эзэмших харилцааг нарийвчлан зохицуулах хэрэгтэй байгаа гээд салбарын олон асуудалд мэргэжлийн байгууллагынхан санал нэгдсэн.
 
-Танай байнгын хорооны хувьд Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг анхаарлын төвд авчирч чадсан. Цэвэрлэх байгууламжийн талаарх хэлэлцүүлгийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг байнгын хороогоор сонсоход үр дүн хангалтгүй байгаа нь харагдсан. Ер нь шинэ цэвэрлэх байгууламжтай болох найдвар хэр байна?
 
-“Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал-хөрөнгө оруулалт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, мэргэжлийн байгууллагуудад хандсан зөвлөмжийндагуу хэрэгжүүлж байгаа арга хэмжээний мэдээллийг байнгын хороогоороо сонссон юм. Хуралдаанд  Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Үндэсний хөгжлийн газрын дарга Д.Баярсайхан, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нарын тэргүүтэй холбогдох албаныхныг оролцууллаа.  
 
Байнгын хорооноос гаргасан зөвлөмжид шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлд үнэлгээ өгч, ажлын хэсэг байгуулах, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийг судалж, зураг төсөлд тусгах, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд заасан холбогдох журмуудыг боловсруулах, шугам сүлжээний үйл ажиллагаанд технологийн хяналт, шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг хохирол багатай, цаг алдалгүй арилгуулах, цэвэрлэх байгууламжийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд магадлагаа хийж, технологийн горимыг мөрдүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг тусгасан. Гэтэл ажлын хэсгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд удаашралтай. Дээр нь төв цэвэрлэх байгууламжид байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийг судалж, зураг төсөлд тусгасан, судалсан нь хангалтгүй байсан юм. Мөн уулзалтаар Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүд Япон улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүдтэй уулзах үеэр Ёкохама хотын цэвэрлэх байгууламжтай танилцаж туршлага судалсан талаараа мэдээлэл өгсөн.
 
Уг цэвэрлэх байгууламж тун энгийн зарчимтай бөгөөд байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологитой. Тухайлбал, өтгөн лагийг исгэж метан хий, эрчим хүч, барилгын материал болгон хувиргаж үйлдвэрээ төдийгүй бүтээгдэхүүнээ борлуулж ашгийг бий болгож байгаа үлгэр жишээг танилцуулж судлахыг зөвлөлөө. Гишүүдийн хувьд төв цэвэрлэх байгууламжийн ажлыг эрчимжүүлж, энэ жилдээ багтаан барилгын ажлыг эхлүүлж 2020 он гэхэд ашиглалтад бүрэн оруулсан байх шаардлагатайг ажлын хэсгийнхэнд анхааруулсан.
 
-Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Сар шинэ, Март гээд олон баяр дараалаад дуусахад дулаараад утаа арилна. Өвөлтэй золгоход дахиад л агаарын бохирдлоо ярина. Сүүлийн үед хийж байгаа ажлууд хэр оновчтой гэж харж байна?
 
-Гамшгийн хэмжээнд хүрсэн утааныхаа асуудлыг монголчууд бид хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт тодорхой шийдэлд хүрэхээр санал санаачлага өрнүүлсэн өдрүүд өнгөрлөө.   Энэ бол төр, иргэн, бүх талын оролцоонд тулгуурлаж үр дүнд хүрэх ажил. Утаа нь хариуцлагатай холбоотой гэдгийг бид хүлээн зөвшөөрөх учиртай. Ирэх өвөл дахиад л утаагаа яриад суух бус оновчтой шийдвэр, тодорхой ажлуудыг хийсэн байхыг иргэд хүсч байгаа.
 
Нэгдүгээр сарын 01-нээс Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн шөнийн эрчим хүчний үнийг тэглэхээр Засгийн газраас шийдвэр гаргасан. Энэ боломжийг иргэд зөв ашиглах ёстой. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг яаралтай хийж, төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, түүхий нүүрсний хэрэглээг бууруулахын тулд шинэ дэвшилтэд технологиудыг нэвтрүүлэх хэрэгтэй байна.
 
-УИХ-ын үр дүнд парламентад 45 гишүүн шинээр орж ирсэн. Та тэдний нэг. Таны бодлоор шинэ гишүүд хэр үр бүтээлтэй ажилласан бэ?
 
-УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс баталсан хуваарьт тусгасан асуудлыг хэлэлцэж, бие даасан 22 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 175, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 15, гэрээ конвенц соёрхон батлах тухай хууль гурав, УИХ-ын 59 тогтоолыг баталсан байгаа юм. Парламентын гишүүдийн талаас илүү хувь нь шинэчлэгдсэн ч чадварлаг залуучууд орж ирсэн нь бахархууштай байгаа. Хууль тогтооно батлана гэдгийг гишүүдээс оюуны болон ажлын туршлага, чадвар шаарддаг. Тухайн хуулийг дарамт бус амьдралд эерэгээр нийцүүлэх, хөгжил дэвшилд хөтлөгч болгохын төлөө их зүйлийг уншиж судалж байна.  Хуучин туршлагатай гишүүд шинэ гишүүдийнхээ туг, ноён нуруу нь болж ажиллалаа.  Тэдний туулсан туршлага үг, үйлдэл  бүрээс нь суралцах зүйл их байна.
 
-Намрын чуулган завсарлахаар гишүүд тойрогтоо ажиллаж байна. Та энэ хугацаанд ямар ажил амжуулав?
 
-УИХ-ын чуулган хаасны маргаашнаас тойрогтоо ажиллаж байна. Намрын чуулганы хугацаанд баталсан хууль, тогтоолыг сурталчилж, сонгогчдынхоо үгийг сонслоо. Улаанбаатар хотын хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүргийн хувьд  эрүүл мэнд, сургууль цэцэрлэг, цахилгаан, усан хангамжийн хүрэлцээ дутмаг гээд тулгамдсан асуудал ихтэй.  Цэцэрлэгийн өргөтгөл, ус, цахилгаан хангамжийг сайжруулах, зам талбай засах, барих гээд олон ажлыг  шат дараатай хийхээр төлөвлөсөн.
 
Тойргийнхоо 110 дугаар цэцэрлэгийн сэрүүн өрөөний дээвэр, шал, дулааныг иж бүрэн засварлаж ариун цэврийн өрөөний санг шийдэж ашиглалтад хүлээлгэж өглөө. Ингэснээр 50-80 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломж бүрдлээ. Цаашдаа ийм зураг төслөөр баригдсан цэцэрлэгүүдийн сэрүүн өрөөг засварлаж өргөтгөхөөр ажиллаж байна. Мөн монгол түмний уламжлалт сар шинийн баяр тохиож байгаа үед тойргийнхоо ахмадуудад хүндэтгэл үзүүллээ.
 
Энэ дашрамд Монгол түмэндээ XVII жарны Алтан унжлагат хэмээх Гал тахиа жилдээ хотол олноороо дүүрэн жаргалтай, төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
 
Ц.Саран
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин