sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил нар өнөөдөр Улаанбаатар дахь Дипломат корпусын төлөөлөгчдийн газрын тэргүүн нарыг хүлээн авч шинэ жил, сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв.
 
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ :
“Эрхэмсэг ноён Дипломат корпусын ахлагч аа,
Эрхэмсэг ноён Элчин сайд, Суурин төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,
 
Өнөөдөр их сайхан бэлгэдэлт өдөр. Өрнө, дорнын он, жил шилжих баярыг даширлуулан хүргэх боломж тохиож байна. Та бүхэнд улиран одсон шинэ оны мэндийг хүргэе. Мөн айлчлан ирж буй 17 дугаар жарны “Алтан унжлагат” хэмээх Гал тахиа жилийн Цагаан сарын баярын мэндийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын өмнөөс дэвшүүлж,ХАМГИЙН САЙН сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 
Монголын “Цагаан сар” нь хиргүй цагаан сэтгэлийн илэрхийлэл, эв найрамдлын бэлгэдэл юм. Ийм ч учраас бид алгаа дэлгэн золгодог уламжлалтай. Цагаан сар нь мөн хаврын баяр, бүх зүйл шинээр ургаж, төлжихийн эхлэл билээ.
 
“Монгол нутгийн тэсгим хүйтэн өвлийг бидний хамт өнтэй сайн даван туулсан” Та бүхэнтэйгээ шинэ ондоо ийнхүү уламжлал ёсоор учран золгож буйдаа бид баяртай байна. 
 
Хатагтай, ноёд оо,
 
Монгол Улсын гадаад харилцаа болон дотоод амьдрал 2016 онд түүхэн үйл явдлаар дүүрэн байлаа.
2016 онд манай гаригийн хоёр тив – Ази, Европын удирдагчид Монголд хуран чууллаа. Бүтэн зууны туршид нэг улсад ховор тохиох түүхэн чуулга уулзалтыг монголчууд нэр төртэй зохион байгуулж чадлаа. Ази, Европын бодлого тодорхойлогчид дараагийн 10 жилд баримтлах чухал шийдвэр, чиглэлээ манай орны нийслэлээс дэлхий дахинд тунхаглан зарлалаа.
 
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын 3 дахь уулзалтыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр хийж, Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурж, бусад чухал тохиролцоог хоёр хөрш оронтойгоо хийсэн нь бидний хувьд чухал алхам байлаа.
Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, гадаад худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, худалдааг  хөнгөвчлөх, гадаадын хөрөнгө оруулагчид,  бизнес эрхлэгчдэд эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, тэдний итгэлийг сэргээх явдал бидний анхаарлын төвд байлаа. Бүс нутгийн интеграцид түлхүү оролцох,  чөлөөт худалдааны хэлэлцээрүүд байгуулахыг зорьж ажиллалаа. 
 
Дэлхийн худалдааны байгууллагын худалдаа хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдэж орсон, Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болж, хэрэгжүүлж эхэлсэн, “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-т нэгдэн орсон гэх мэт манай улсын гадаад харилцааны олон ололт амжилт, тодорхой алхмуудыг энд дурдаж болно.
 
Монгол Улсад 2016 онд УИХ-ын болон орон нутгийн сонгууль болж өнгөрлөө. Сонгогдсон төрийн түшээд улс орныхоо нийтлэг эрх ашгийг эрхэмлэж, хариуцлагатай, шуурхай, итгэл дааж ажиллахыг ард иргэд хүлээж байна.
 
Монгол түмэн тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээн мандуулсны 105 жилийн түүхт ойг шинэ оны босгон дээр өргөн дэлгэр тэмдэглэлээ.
Эрхэмсэг хатагтай, ноёд оо!
 
Бид 2017 онд улс орны эдийн засгийн хүндрэлийг даван туулах,  гадаад худалдаа, эдийн засгаа өргөжүүлэн хөгжүүлэх таатай гадаад орчин, нөхцлийг бүрдүүлэхийн төлөө хүчин чармайлтаа төвлөрүүлэн ажиллах болно. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд түнш орнууд, олон улсын байгууллагууд, тэдгээрийн нэр хүндтэй төлөөлөл болох та бүхэнтэйгээ улам нягт хамтран ажиллана гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Та бүхний чин сэтгэлийн дэмжлэг, туслалцаанд бид найдаж байна.
Шинэ 2017 онд Монголын улс төр-нийгмийн амьдралд олон чухал үйл явдлууд тохионо. Үүний нэг нь Монгол Улс Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль юм. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгт нэр хүндтэй, дэлхийд ардчиллаараа хошуучлагчдын эгнээнд явдаг манай орны хувьд энэ жилийн сонгууль ардчиллын хөгжлийг илтгэсэн тод хуудас болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна.
 
Хурдацтай, эрчимтэй өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд гадаад бодлогоо зөв тодорхойлж, зохистой авч явах асуудал бид бүгдийн анхаарлын төвд байх ёстой зүйл юм. Бид Монгол Улсын үндэсний язгуур эрх ашиг, аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар тууштай хангаж, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан гадаад бодлогоо хэрэгжүүлэн, Монгол Улсын гадаад бодлогын залгамж чанарыг тууштай хадгалан ажиллах болно.
 
Манай улс гадаад харилцаандаа өөрийн түнш орнуудынхаа эрх ашгийг ямагт хүндэтгэж ирсэн бөгөөд уламжлалт найрсаг харилцаагаа бэхжүүлж, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд байнга анхаарч байдаг билээ. Ялангуяа хоёр хөрш оронтойгоо сайн хөршийн найрсаг харилцаатай байж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө бид онцгой хүчин чармайлт тавьж ирсэн, цаашид ч ийнхүү ажиллах болно. Бид “Гуравдагч хөрш” орнууд болон дэлхийн бусад улс гүрнүүд, олон улсын байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлж, дэлхийн хамтын нийгэмлэгийн нийтлэг эрх ашиг, сайн сайхны төлөө тэдэнтэй идэвхтэй хамтран ажиллахын төлөө байна.
 
Ази тивийн бүх улсыг хамарсан аюулгүй байдал, хамтын ажиллагааны механизм буй болгох зайлшгүй шаардлага байна гэж Монгол Улс үздэг. Ази тивийг хамруулан бүхэлд нь олон талт яриа хэлэлцээг өрнүүлэх зорилгоор “Яриа хэлэлцээ, энх тайвны төлөөх Азийн чуулган” хэмээх шинэ санаачилгыг миний бие 2015 оны 5 дугаар сард дэвшүүлсэн. Монгол Улсын энэхүү хүчин чармайлтыг Та бүхэн, Та бүхний төлөөлөн суугаа улс орон, байгууллагууд дэмжиж, идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байна.
 
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,
Та бүхэнтэй хоёр талын харилцаагаа цаашид улам гүнзгийрүүлэн бататгаж, олон улсын тавцанд харилцан дэмжиж,  хамтран ажиллана гэдэгт бат итгэлтэй байгаагаа дахин илэрхийлье.
 
2017 онд даян дэлхий маань улам энх амгалан байх болтугай.
2017 онд бидний бие биедээ сайхан сэтгэлээр өргөсөн ерөөл бүхэн биелэн арвижих болтугай.
Монголын Цагаан сарын шинийн нэгэнд залран ирэх Гал тахиа жил шинэ өглөөний эрч хүч, итгэл найдвараар бид бүхнийг дуудан хөглөх болтугай.
Анхааран сонссонд баярлалаа” гэлээ.
 
Үүний дараа Улаанбаатар дахь дипломат корпусыг төлөөлж Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Кобландин үг хэлэв.
 
Тэрээр хэлсэн үгэндээ:
 
“Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Сайд аа,
Ноёд, хатагтай нар аа,
 
Энэхүү тэмдэглэлт үйл явдалд нийт дипломат корпусыг төлөөлөн үг хэлж байгаадаа туйлын баяртай байна. Бид өнгөрч буй гал бичин жилд хийсэн ажил, Монгол Улсын хөгжил, дэвшлийн талаар хамтран цэгнэхээр ийнхүү хуран цуглаад байна. Үүний зэрэгцээ айсуй гал тахиа жилийг хамтдаа угтахаар уригдан ирээд байгаа билээ. Гал бичин жилийн үйл явдлыг тоймлохдоо юуны өмнө Монголын өргөн уудам тал нутагт мал сүргээ өсгөж буй нүүдэлчин ард түмнийг сайшаан дурдаж эхлүүлэхийг зөвшөөрнө үү. Тэдний хувьд энэ жилийг зудтай эхэлж, төсөөлөхөд ч бэрх зудын хүндрэлтэйгээр үдэж байна.
 
Эдгээр гамшгийг гэтлэн давахад бидний төлөөлж буй төр, засаг, олон улсын байгууллагуудын олонхи нь санхүүгийн болон эд материалын тусламж үзүүлэхийг хичээн ажилласан бөгөөд ингэснээр Монголын нийгэм хөгжил дэвшил, тогтвортой хөгжилд хүрэхэд тулгарч буй сорилтуудыг дахин нэг ойлгоход дөхөм боллоо. Энэхүү хоёр удаагийн гамшгийн үеэр авсан арга хэмжээ, түүний зохицуулалт нь хандивлагч нарын хамтын ажиллагааг нягтруулж, мэргэжлийн байгууллагууд, түүний дотор ОБЕГ-тай хамтран ажиллах, үйл ажиллагааг нь илүү сайжруулахад дөхөм боллоо.
 
2030 он хүртэлх хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллах зорилго тавин ажиллаж буй хандивлагчид бидний хувьд энэ жил мэдээлэл солилцох, харилцан зохицуулалттай хамтран ажиллах үйл хэрэгт ахиц дэвшилтэй жил болсонд сэтгэл хангалуун байна. Хандивлагчид Монголын байгууллагуудтай тогтмол уулзаж байсан нь үр өгөөжөө өгч байгаад баяртай байгаа бөгөөд энэ харилцааг тогтмолжуулан ажлын түвшинд хөгжүүлэхэд бэлэн байна.
 
Монголын эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулж, чадавхийг бэхжүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж ирсэн төслүүдийг Монголын тал үнэлж байгаад таатай байна. Түүнчлэн  Монголын төр, засаг өнөөгийн хүндрэлтэй үед гаднаас үзүүлэх техникийн туслалцааг Монгол Улсын хөгжлийн стратегитай уялдуулан бүх нийтийн аж амьдралыг сайжруулахад ашиглахад анхаарч байгаад баяртай байна.
 
2016 оны 6 дугаар сард болсон парламентын сонгуульд Монголын ард иргэд эрх үүргээ ухамсарлан, идэвхитэй, дэг журамтай оролцсоныг бид өөдрөгөөр талархан хүлээж авсан.
 
Сонгуулийг ажиглахаар уригдан ирсэн гадаадын олон зуун ажиглагчид өөрсдийн дүгнэлтийг ямарваа хязгаарлалтгүйгээр олон нийтэд хүргэх боломжоор хангагдсан нь Монгол Улс ардчилсан нийгэм цогцлоохоор тууштай замнаж буй, олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүн болохыг батлан харууллаа.
Үүний зэрэгцээ Монгол Улс өнгөрсөн оноос эхлэн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүний үүргээ биелүүлэн ажиллаж байна. Сонгуулийн дараа эрх мэдлийг тайван замаар шилжүүлснээрээ гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд зайлшгүй шаардлагатай улс төрийн тогтвортой байдал бүрдэх итгэл найдвар төрүүлээд байна.
 
Гадаад харилцааны өнцгөөс харахад Монгол Улс парламентын сонгуулийн дараахан болсон олон талт арга хэмжээг амжилттай зохион байгуулсанд бид бүхэн баяртай байна.
 
Монгол Улс 2016 оны 7 дугаар сард АСЕМ-ийн дээд түвшний 11 дэх уулазлтыг амжилттай зохион байгуулснаар тус уулзалтад оролцсон 50 гаруй улс, байгууллагын төлөөлөгчдөд өндөр сэтгэгдэл үлдээсэн төдийгүй, олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлсэн гэж үзэж байна.
 
Өнгөрсөн онд Монгол Улс олон улсын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцсоныг мөн цохон тэмдэглүүштэй байна. Цэргийн, энхийг сахиулах, терроризмтай тэмцэх, гамшигтай тэмцэх чиглэлээр хийсэн хоёр болон олон талт сургууль, бэлтгэлийн зэрэгцээ Өмнөд Судан дахь НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй Монголын бие бүрэлдэхүүний зориг хатуужил, хийсэн, бүтээсэн ажлыг сайшаан тэмдэглэж байна.
 
Монгол Улс Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг соёрхон баталж, тус хэлэлцээрт нэгдсэн 100 дахь улс болсныг сайшааж байна. Монгол Улс тус хэлэлцээрт нэгдэн орсноор ДХБ-ын энэхүү чухал хэрэгслийг хүчин төгөлдөр болгоход дөхөм үзүүллээ. Энэхүү хэлэлцээр нь ялангуяа Монгол мэт далайд гарцгүй орнуудын хувьд эдийн засгийн интеграцид нэгдэх чухал хэрэгсэл болно гэдэгт итгэлтэй байна.
 
Үүнтэй холбоотойгоор Монгол Улс НҮБ-ын далайд гарцгүй орнуудын судалгааны төвийг байгуулах тухай хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход шаардлагатай орны тоог нэмэгдүүлэхээр идэвхтэй ажилласныг тэмдэглэж байна. НҮБ-ын энэхүү шинэ байгууллага энэ онд Улаанбаатарт албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэдэгт итгэж байна.
 
Бүс нутаг, олон улсын энх тайван, тогтвортой байдалд  Монгол Улсын оруулсан хувь нэмрийн талаар ярихад 2016 онд “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд хэрэгжүүлсэн томоохон арга хэмжээнүүдийг дурдахгүй байхын аргагүй. Энэ санаачилга нь харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал дэмжлэг болж, улмаар бүс нутгийн аюулгүй байдлын бүтэц, интеграцчиллыг хөгжүүлэхэд чухал нэмэлт үүргийг гүйцэтгэж байна.
Хүндэт ноёд, хатагтай нар аа,
 
Би энэ удаа өнгөрсөн онд хоёр талын шугамаар бидний оролцож хэрэгжүүлсэн айлчлал, арга хэмжээний талаар зориуд дурдсангүй. Бүхий л арга хэмжээг энд дурдах боломжгүй төдийгүй, Монгол Улс болон бидний төлөөлж буй улс, байгууллага, бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгт үзүүлсэн ач холбогдлыг онцлох боломжгүй юм. Өнгөрсөн жил бидний хувьд үр бүтээл дүүрэн, онцлог жил болсон гэдэгт та бүхэн санал нийлнэ гэж найдаж байна.
 
Түүнчлэн өнгөрсөн жил Монгол Улсад суугаа дипломат корпус өргөжиж Австрали, АНЭУ, Италийн ЭСЯ-даар бүл нэмснийг тэмдэглэхэд таатай байна. Ирэх шинэ онд Польш, Саудын Араб, Европын холбооны төлөөллийг мөн хүлэн авна гэж найдаж байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс ийнхүү анхаарч сонирхож байгаа нь Монгол Улсын ойрын ирээдүй өөдрөг байна хэмээн үзэж байгаагийн илрэл билээ.
 
Бид энэ улсад үүрэг гүйцэтгэж, Монголын ард түмний сайн сайхан, хөгжил дэвшилд хүрэх зорилгод хувь нэмрээ оруулж, танай улсын удирдагчидтай хамтран ажиллаж байгаадаа баяртай байна.
 
Улс орноо төлөөлөн ажиллаж буй элч төлөөлөгч бидэнтэй нээлттэй, илэн далангүй байдлаар хандаж ирсэнд талархаж байна.
Гал тахиа жилдээ ажил үйлс тань өөдрөг байж, хамтын ажиллагаа өргөжин дэлгэрэхийн ерөөлийг та бүхэд дэвшүүлье.
Баярлалаа. Сар шинийн мэнд хүргэе” гэлээ.