sonin.mn
- Эмнести Интернэшнл 2016 оныг тоймлосон жилийн тайлангаа гаргав
 
 Хүний эрхийн төлөө өгсөн амлалтаасаа
- Их гүрнүүд шил шилээ даран буцахаар санаархав 
- Үй олноор нь харгислахыг зогсоохоор ажиллахгүй байгаа нь “хэзээ ч дахиулахгүй” гэдэг үгийг утгагүй болгож магадгүй байна хэмээн даян дэлхийн хөдөлгөөний удирдагч Салил Шетти хэлэв.
 
Хонжоо харсан улстөрчдийн хашгирч буй “бид тэдний эсрэг” гэсэн хорлонтой, хүнлэг бус үзэл дэлхий дахиныг улам талцуулж, аюул руу хөтөлж байна гэж Эмнести Интернэшнл тайлангийнхаа нээлтийн үеэр анхааруулав.
 
“Дэлхийн хүний эрхийн байдал тайланд159 орныг судлан хүний эрхийн байдал ямар байгаа тухай цогцоор нь шинжилсэн юм. Европ, АНУ “бид тэдний эсрэг” үзлийг бодлого болгож байгаагийн уршгаар хүний эрхийн төлөөх даян дэлхийн тэмцэлд ухралт гарч, олноор нь харгислахыг таслах нийтийн хүчин чармайлт сулрахаар байна.
            “Бид тэдний эсрэг” гэсэн улстөрийн хүүрнэл бусдыг яллах, жигших, айлгахад илт чиглэсэн нь 1930 оноос хойш үзэгдээгүй хэмжээнд хүрэв. Олон улстөрч хонжоо хайн эдийн засаг, аюулгүй байдлын зүй ёсны болгоомжлолыг дэвэргэн үндэсний өөрөөших мэдрэмжийг талцуулах хорлонтой бодлого болголоо.
 
“Бусдыг айлгах бодлого олон улсын харилцаанд аюул тарьж байна. Трамп, Орбан, Эрдоган, Дютерт, өөр олон улстөрч “мөлжлөгийн тогтолцоог” нураана хэмээн хашгичихдаа бүлэг этгээдийг хүн бусаар зүхэж, золиослон, жигшүүлэх болов. “Адлах бодлого гаарсаар хүмүүсийн зарим нь бусдаасаа дор хүмүншсэн байдаг гэх нь холгүй ичгүүргүйгээр бүлэг хүнийг хүний тооноос шууд хасахаар заналхийлж байна. Хүний хамгийн адгийн араншинг ийм хатгалга сэдрээх вий”. гэж ЭИ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Салил Шетти хэлэв.
 
Адлах бодлого хүний эрхийн төлөө даян дэлхийн тэмцлийг ухраах нь
 
2016 онд гарсан улс төрийн өөрчлөлтүүд хүний мөн чанарын бараан талыг харуулсан, үзэн ядалтыг дэвэргэсэн жил байлаа. Засгийн газрууд дайны гэмт хэргийг үл ойшоож, улс төрийн орогнол эрэх эрхийг дордуулсан үйл ажиллагаа явуулж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчсөн хууль баталж, мансууруулах бодис хэрэглэсэн учраас хэмээн аллагаа цайруулж, эрүүдэн шүүх, олноор нь харгислах явдлыг зөвтгөж, хэрцгий байх эрх мэдлээ нэмэгдүүлэв.
 
Засгийн газрууд дүрвэгч, цагаачдаас нүүрээ буруулж, буруутган, золиослож байна. Эмнести Интернэшнлийн тайлан 36 улс орон олон улсын хууль зөрчин дүрвэгсдийг эрх нь зөрчигдөх эрсдэлтэй улс орнууд руу буцааж байгааг баримтжууллаа.  
 
“Хүмүүсийн эрхийг хамгаалахын оронд улс төрийн зорилгодоо нийцүүлсэн хүн чанаргүй хөтөлбөрийг улс төрчид баталлаа. Тэдний олонх нь улс төрийн ялалт байгуулахын тулд эсвэл эдийн засаг, нийгмийн эрхийг баталгаажуулж чадахгүй байгаагаа булзааруулахын тулд бүлэг хүмүүсийг золиослон эрхийг зөрчиж байна. Юуг хүлээн зөвшөөрч болох тухай хязгаар солигдож улс төрчид ичгүүргүйгээр, бүр идэвхтэйгээр арьс өнгөөр ялгаварлах, үзэн ядсан үг хэллэгийн бүх төрлийг хуульчилж байна. Эхний бай нь дүрвэгсэд болсон бөгөөд энэ нь  цааш даамжирвал арьс өнгө, жендэр, үндэс угсаа, шашнаар нь ялгаварлан бусад руу халдахад хүргэнэ. Хэрэв бие биенийгээ тэгш эрхтэй хүн гэж харахаа боливол бид мөхөхөд хүрэх болно “хэмээн Салил хэлэв.
 
Үл ойшоосон нь
 
Эмх цэгцгүй дэлхий ертөнцөд хүний эрхийн манлайлагчид байхгүйг далимдуулан 2017 онд хямрал үргэлжилж болзошгүй байгааг Эмнести Интернэшнлээс анхаарууллаа. “Бид тэдний эсрэг” гэх улс төр олон улсын түвшинд эрчимжиж байна. Үндэсний ашиг сонирхлын үүднээс хүний эрхийг тодорхойлж байгаа шинэ ертөнц олноор нь харгислах явдлыг бий болгож хүн төрөлхтөний түүхийн харанхуй цаг үе рүү буцах хаалгыг онгойлгож байна. 
2016 онд Эмнести Интернэшнл Сири, Йемен, Ливи, Афганистан, Төв Америк, Төв Африкийн улс, Бурунди, Ирак, Өмнөд Судан ба Судан гэсэн хямрал нүүрлэсэн дэлхийн 23 улс оронд дайны гэмт хэрэг гарсныг баримтжууллаа.
 
 Алеппогийн аймшгийн талаарх шууд бичлэг, Филиппинд хар тамхины эсрэг дайн нэрийн дор үйлдсэн олон мянган аллага, Дарфурт химийн зэвсэг хэрэглэсэн, олон тосгоныг галдсан зэрэг 2016 онд тоо томшгүйгээр хүний эрхийг зөрчиж байгааг олон улсын нийгэмлэгүүд үл ойшоов.
 
Хүний эрхийн төлөө хэн зогсох ёстой вэ?
 
Хүний эрхийг дордуулах гэсэн оролдлогыг эсэргүүцэхийг Эмнести Интернэшнл уриалж байна.  Эмнести Интернэшнлийн тайланд 2016 онд 22 оронд тайван замаар хүний эрхийг хамгаалахаар тэмцсэнийхээ төлөө эдийн засгийн сонирхлыг нэмэгдүүлэхэд саад учруулсан, цөөнхийг хамгаалсан, уламжлалыг эсэргүүцсэн зэргээр ад үзэгдэн алагдсан хүмүүсийн тухай баримтыг багтаасан. Хүний эрхийн төлөө, эрх мэдэлтнүүдийн эсрэг зогсдог хувь хүмүүсийг хамгаалахад дэлхийн эв санааны нэгдэл, олон нийтийн үйл ажиллагаа чухал хэмээн энэ тайланд дурджээ.
 
“Бид засгийн газрууд хүний эрхийн төлөө зогсоно гэдэгт итгэж, хүлцэнгүй, идэвхигүй байж болохгүй, бид үйл ажиллагаа өрнүүлэх хэрэгтэй. Хүмүүсийг ад зэтгэр болгоход бэлэн байгаа улс төрчид нэмэгдэж байгаа нь бид бүхэн хүний эрхэм чанар, тэгш эрхийн үнэт зүйлийн төлөө тэмцэх хэрэгтэйг харуулж байна.   
 
Харанхуй цаг үед тэмцэж чадсан хүмүүс л өөрчлөлтийг авчирсан. Тэд АНУ-д иргэний эрхийн төлөө, Өмнөд Африкт арьс өнгөөр ялгаварлахын эсрэг, дэлхий дахинд эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө тэмцсэн. Бид бүгд тэр өөрчлөлтийн төлөө зогсож, хамгаалах ёстой.   
 
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ 
2017 оны 2-р сарын 22