sonin.mn
БРАТИСЛАВ. /izvestia.ru/. Европын Холбооноос /ЕХ/ Словак улсыг гаргах эсэх талаар бүх нийтийн санал асуулга явуулахыг дэмжсэн өргөх бичигт гарын үсэг цуглуулах аян эхэлжээ.
 
Хэдийгээр Европын Холбооноос гарах санааг парламент дахь сөрөг хүчний намуудаас дэвшүүлж байгаа боловч уг санал хүн амын дунд ихээхэн дэмжлэг авах болжээ. Словакийн иргэд улс орны дотоодод хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэхийг хүсэн хүлээж байна. Харин эрх баригчид ажлаа хийж чадахгүй байгаагийн цаад шалтгаан нь ЕХ-ны хүнд суртал болон тус байгууллагын удирдлага Словак улсын эрх ашгийг үл тоомсорлож байгаад оршино гэж олон хүн үзэж байна.
 
ЕХ-ноос Словакийг гаргах эсэх талаар бүх нийтийн санал асуулга явуулахыг дэмжсэн өргөх бичигт гарын үсэг цуглуулах ажлыг санаачлагч нь “Котлеб - Манай Словакийн Ардын нам” ажээ. Тус намын төлөөлөгч Милан Угрик ярихдаа, Словакийн иргэд энэ санаачилгыг маш идэвхтэй дэмжиж байгаа бөгөөд шаардлагатай тооны гарын үсгийн тэн хагас нь бэлэн болсон байгаа гэлээ.
 
"Словак улс ЕХ-ноос 2020 оноос нааш гарах боломжгүй гэж бид үзэж байгаа. Юуны түрүүнд Үндсэн хуульд заасны дагуу 350 мянган гарын үсэг цуглуулсан байх шаардлагатай. Үүний дараа бүх нийтийн санал асуулгыг явуулах боломжтой болно. Словак улс ЕХ-ноос гарах үйл явц нь урт удаан хугацаанд үргэлжилнэ. Хэрвээ Марин Ле Пен ялж, ЕХ-ноос Франц улс гарах юм бол бидний энэ санаачилга хэрэггүй ч болж мэднэ. Тэгэх юм бол тус байгууллага өөрөө “картонон байшин" шиг нурах болно” гэж Милан Угрик ярьжээ.
 
Түүний хэлснээр, Европын Холбоо нь эхэндээ Европын улс орнуудын хоорондын эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэж байсан боловч төдөлгүй тус байгууллага нь өөрийн гишүүдээ сүрдүүлэн дарамталдаг төвлөрсөн бүтэц болон хувирсан ажээ.
Түүний сацуу, Словак улс нь ЕХ-ны шийдвэрт нөлөөлөхүйц чадахаар тооны төлөөлөгчгүй. Иймд манай улс үндэсний ашиг сонирхолд хохирол учруулж буй хууль тогтоомжид дасан зохицохоос аргагүй болж байна гэж М.Угрик тайлбарлажээ.
 
ЕХ-ноос гарахыг Словакийн парламент дахь “Котлеб-Манай Словакийн Ардын нам”, “Бид-нэг гэр бүл”, “Эрх чөлөө, эв санааны нэгдэл” гэсэн гурван нам дэмжиж байгаа ажээ. Эдгээр гурван нам парламентын нийт 150 суудлын 43-ыг авсан байна.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг