sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд өргөтгөсөн хуралдаан хийлээ.
 
Хуралдаанд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс гадна АН-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж, Б.Ганбат нарын гишүүд оролцсон байна. Хуралдаанаар ОУВС-гийн хөтөлбөр болон Хөгжлийн банктай холбоотой асуудал, мөн АН-ын гишүүдийг АТГ шалгаж буй асуудлыг хэлэлцсэн байна. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
 
Тэрбээр, "ОУВС-гийн асуудлаар Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч нар мэдээлэл хийсэн. Бид энэ асуудлаар албан ёсны мэдээлэл өгөхийг гурван өдрийн өмнө шаардсан. Гэвч өнөөдрийг хүртэл мэдээлэл өгсөнгүй. Улс орны хөгжилтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэх боломжийг бүлэгт олгох ёстой. Сайд Б.Чойжилсүрэнгийн мэдээлснээр ХАОАТ, НДШ-ийг хөтөлбөрийн нөхцөлд багтаан нэмж байгаа нь өнөөдөр эдийн засгийн хүнд нөхцөлд байж боломгүй зүйл. Төсвийн зарлагыг танах талд анхаарсангүй. Төсвийн орлого нэмэгдүүлэхэд анхаарсан байна. ОУВС Монголын нөхцөл байдлыг дутуу үнэлсэн тал анзаарагдаж байна. Ард түмний амьжиргааг царцаах бодлого явуулж байна. 
 
Өнөөдөр эрх баригч нар АН-ын бодлогын алдааг засч байна гэж байна. Үүнтэй байр суурь нэгдэхгүй. Бидний харж байгаагаар бодлогын алдаа биш бодлогын зөрүү. 2012-2016 онд АН Засгийн эрхийг барьж байхдаа гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хүндрэлээс гарахыг гол концевцио болгосон. Эдийн засаг дахь уул уурхай, түүхий эдийн үнэ 2-3 дахин унасан нөхцөлд 1.5 тэрбум ам.долларын Чингис бондоор нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахыг зорьж, ажлын байр, цалингийн хэрэглээг бууруулахгүй байх, иргэдээ орон сууцжуулахад үр дүнтэй ажилласан. 
 
АН засаг барьж байх үед тэтгэврийн насыг бага хэмжээгээр нэмэгдүүлэх асуудал ярихад МАН-ынхан маш их эсэргүүцэж байсан. Гэтэл одоо хэрэгжих хөтөлбөрт Тэтгэврийн насыг өсгөх асуудлыг ярьжээ. МАН-ын үйлдэл өнөөдөр 180 градус эргэж байна. ОУВС-гийн энэ нөхцөл байдлаар явбал 2016 оны МАН-ын амлалт биелэх боломжгүй байна. Тийм учраас эрх баригчид үүн дээрэ анхаарах байх гэж найдаж байна. 2012-2016 онд АН 1.5 тэрбум ам.долларын зээл авсан. Харин ОУВС-гийн хөтөлбөрөөр 5.5 тэрбум ам.долларын зээлжих эрх нээгдэж байна. Илүү гарч байгаа 4 тэрбум ам.долларыг юунд зарцуулахаа хэлэх шаардлагатай. АН-ыг засаг барьж байх үед улсын төсвийг 6-7.6 их наяд төгрөгөөр улсын төсвийг барьж болж байсан. Өнөөдөр МАН засаг барьж байх үед улсын төсөв бараг 9 их наядад хүрч өслөө. Тиймээс зардлаа танах бүрэн бололцоотой" хэмээлээ. 
 
УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг өчигдөр АТГ-аас баривчилсан. Энэ асуудлаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, "Хөгжлийн банкны зээл бүгд эзэн холбогдогчтой. Бид хоёр хүнээ ямар нэг байдлаар хулгайлж, хумсалж, идсэн уусан гэж бодохгүй байна. Баривчилгаа хийхдээ ар гэрт нь хэлээгүй, өмгөөлөгчийг нь гарсан хойно гэнэтийн баривчилгаа хийсэн. АН гишүүдээ хамгаалах үүрэгтэй. Хүний эрх ноцтой зөрчигдлөө. Хоёр гишүүн оргон зайлах оролдлого хийгээгүй. Дуудсан цагт нь очиж мэдүүлэг өгсөн. Гэтэл энэ хүмүүсийг байцаалт авах нэрийн дор яагаад гэнэтхэн баривчлав гэдэг нь хүний эрхтэй холбоотой асуудал. Ямар ч тогтоол шийдвэр байхгүй. Эдийн засгийн үйл явцыг улс төрийн үйлдэл болгохыг хүлээн зөвшөөрч болохгүй. Хөгжлийн банкны асуудлаар шалгах бол АН-ын гишүүдийг ч, МАН-ын гишүүдийг ч ижил шалгах ёстой" гэв.
 
Бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж: "ОУВС хэлэлцээ хийдэггүй, болзол тулгадаг. Хэрвээ хэлэлцээ хийдэг байсан бол өнөөдөр хамгийн муу хувилбарыг авахгүй, ядаж “Стэнд бай” авах байсан. Эдийн засаг хүндрэлтэй үед тодорхой хөрөнгө оруулах ёстой, гэтэл танах болсон нь буруу. Зардлыг танах тал дээр ямар нэг арга хэмжээ аваагүй байна. Төрийн албан хаагчдыг танавал 8 тэрбум орчим төгрөг танах боломжтой. Төрийн байгууллагуудын зардлыг таван хувиар танахад 450 тэрбумын зардал хэмнэгдэнэ. Зөвхөн энэ хоёрыг танахад л 440 саяын хэмнэлт гарчих боломжтой. ОУВС эдийн засагт тус болох биш илүү боомилсон, хөгжлийг удаашруулсан хөтөлбөр санал болгож байна" гэлээ.
 
Мэдээллийн дараа сэтгүүлчид "ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй гэж үзвэл өөр ямар боломж дотоодод байна гэж үзэж байна вэ"гэсэн асуудлыг тодруулсан
 
Үүнд: 
 
Д.Эрдэнэбат: -Монгол Улсын эдийн засаг дан ганц уул уурхайгаас хамааралтай. Өнгөрсөн жилүүдэд түүхий эдийн үнэ уналттай байсан бол өнөөдөр түүхий эдийн үнэ өссөн. Зэсийн үнэ нэг тонн нь 4000 ам.доллар байсан нь 6000 ам.доллар, нүүрсний үнэ 30 ам.доллар байсан нь 110 ам.доллар болсон. Үнэ өсч, борлуулалт нэмэгдэж байгаа үед төсвийн зөв зохицуулалт хийх юм бол энэ хүндрэлээс гарах боломж бий. Ганц юм зовоож байгаа нь Евро бондын 580 сая ам.долларын зээлийг төлөх хугацаа тулсан учраас үүнийгээ яах вэ гэдэг хамгийн тулгамдсан асуудал. Харамсалтай нь, манай эрх баригчид Ззасаг авсныхаа маргаашнаас эдийн засгийн үнэлэмжээ буулгах, эдийн засгийн үл итгэлцлийг бий болгох ойлголт төрүүлсэн учраас олон улсад гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан.
 
Б.Пүрэвдорж: -ОУВС манайд 5,5 тэрбум ам.долларын зээлийн шугам нээж байгаа. Зээлийн шугам бол төслийн болон төсвийн зориулалтаар зарцуулагдана. Өөрөөр хэлбэл, төсвийн цоорхойг нөхөх зорилгоор зарцуулагдана.Гаднаас зээл авлаа гэхэд хөгжлийн хөрөнгө оруулалтад зарцуулагдах ёстой. Бид заавал ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахгүйгээр хөгжих боломжтой. Энэ жилийн хувьд нэг ч төгрөгийн шинэ бүтээн байгуулалт хийхгүй байхаар төсвөө баталсан.  Хоёр жил ингээд явчихад эдийн засаг босоод ирнэ.
 
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг