sonin.mn
УИХ-ын 2016 оны намрын чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хороонд 17 мянга 292 иргэний гарын үсэг бүхий 1874 өргөдөл иржээ.
 
Нийт өргөдлийн 11 хувь нь нийтийн эрх ашгийг хамгаалах тухай байсан бол 89 хувь нь хувийн чанартай байжээ. Иргэдээс төр засагтаа хандаж ирүүлсэн бүх өргөдөлд хариу өгсөн хэмээн Өргөдлийн байнгын хороон дарга Д.Сарангэрэл мэдээлэв.
 
Тэрбээр, “Байнгын хороо намрын чуулганы хугацаанд долоон удаа хуралдаж, 11 асуудал хэлэлцсэн. Түүнчлэн Туул голын бохирдол, уул уурхайн нөхөн сэргээлт, ажлын байр, ЕБС-ийн Үдийн цай хөтөлбөр зэрэг сэдвээр долоон удаа нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хэлэлцүүлгээс гарсан санал дүгнэлтүүдийг нэгтгэн Засгийн газарт долоон тогтоол, нэг зөвлөмж, хоёр албан бичгээр чиглэл өгсөн байна. Бид Засгийн газарт хүргүүлсэн чиглэлийнхээ дагуу хэрэгжилтэд нь хяналт тавьж байгаа. Тухайлбал, ХНХЯ-наас ажлын байрны асуудлаар, УУХҮЯ-наас нөхөн сэргээлтийн асуудлаар байнгын хороонд мэдээлэл хийсэн.
 
Монгол улсын нийт иргэдийн 42.8 хувь, Улаанбаатар хотын 95.7 хувь нь Туул голоос ундаалдаг гэсэн судалгаа бий. Туул голын бохирдлын асуудлыг шийдвэрлэх А.Сүхбат гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг цэвэрлэх байгууламж, арьс ширний үйлдвэрүүд болон хайрга, дайрганы карьер гэсэн гурван гол асуудалд төвлөрч байгаа аж. Туул голыг бохирдолд гол нөлөө үзүүлж буй Төв цэвэрлэх байгууламжийг 2017 онд багтааж шинээр барих ажлыг Засгийн газар хийж байгаа. Одоогоор ТЭЗҮ нь бэлэн болсон байгаа. Нийт 300 сая ам.долларын төсөвтэй.
 
Харин арьс ширний үйлдвэрүүдийг 2017 оны 12 дугаар сарын 31-ны дотор Улаанбаатар хотоос гаргах тогтоолыг УИХ 2012 онд гаргасан. Уг тогтоолыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Мөн хайрга, дайрганы карьеруудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарч байгаа. Энэ бүхий үр дүнд Туул голын цэвэр, тунгалаг болох боломж бүрдэнэ” гэлээ.
 
Ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын талаар ХНХ-ын сайд Н.Номтойбаяр байнгын хорооны хуралдаанд танилцуулсан байна. Тухайлбал, энэ онд 50 мянган залуусыг Япон улсад дадлагажуулахаар ажиллаж байгаа бөгөөд эхний гэрээ хэлцлээ амжилттай хийсэн байна. Түүнчлэн БНСУ, Австрали, Чех, ХНБГУ, Австри зэрэг улсад залуу боловсон хүчнээ дадлагажуулах боломжийг эрэлхийлж байгаа аж. Түүнчлэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 10 мянга гаруй хүнийг ажлын байраар хангах чиглэлд ажиллаж байгаа юм хэмээн мБайнгын хорооны гишүүн М.Оюунчимэг хэллээ.
 
 М.Оюунчимэг гишүүний хувьд ЕБС-иудын “Үдийн цай” хөтөлбөр болон СӨХ-ны асуудлуудыг шийдвэрлэхэд түлхүү ажилласан байна. ЕБС-иуд гэрээ байгуулсан аж ахуйн нэгжээсээ бус хөндлөнгийн хүмүүсээс сахар болон нэмэлт бүтээгдэхүүн ихтэй гурилан бүтээгдэхүүн авах, хүйтэн ундаа зэргийг хүүхдэд өгдөг зэрэг зөрчил гарсан. Тиймээс “Үдийн цай” хөтөлбөрийг төгөлдөржүүлэх, зөвхөн хүйтэн ундаа, гурилан бүтээгдэхүүн бус халуун хоол өгдөг болох чиглэлээр хууль, эрх зүйн орчинг сайжруулах шаардлагатайг дурьдав.
 
СӨХ-д иргэд, оршин суугчиддаа үйл ажиллагааныхаа тайланг тавьдаггүй, иргэдээс авсан татвар, нийтийн өмчийн газрыг зориулалтын бусаар ашигласан зэрэг зөрчил илэрсэн. Тймээс СӨХ-ны үйл ажиллагаа, хүлээлгэх хариуцлагыг тодорхойлох хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгааг онцлов.
 
Харин УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат уул уурхайн нөхөн сэргээлтэд хяналт, шалгалт хийсэн байна. Тэрбээр, “Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд орон нутгийн иргэдийн амьдрах орчинг бохирдуулдгаас гадан нөхөн сэргээлт хийхгүйгээр байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлддэг. Тиймээс Монголын төр байгаль орчны гэмт хэргийн эсрэг шинжээчтэй болох хэрэгтэй. Тэгэхгүй бол хөндлөнгийн шинжээч ажиллуулахад нөхөн сэргээлтийн дүн заримдаа хэт өндөр эсхүл хэт бага гарах тохиолдол байдаг. Энэ үед төр, орон нутаг, аж ахуйн нэгжийн хооронд маргаан үүсч, эцэстээ төрийн буруу бол үлддэг.
 
Мөн аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудын хооронд уялдаа холбоо муу байдгаас үүдэн зөвшөөрлөө аваагүй байхдаа уул уурхайн олборлолт явуулсан тухай гомдол их ирдэг. Тиймээс нэн тэргүүн УУХҮЯ, МХЕГ, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг төрийн байгууллагууд хамтран уул уурхайн зөвшөөрөл олгох, хянах, шалгах, цуцлах бүх дурэм дурмаа нэгтгэх чиглэлийн Засгийн газарт өгсөн” гэлээ.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг