sonin.mn
КУАЛА-ЛУМПУР./ВВС/. Ким Жөн Намын үхэлтэй холбогдуулан Куала-Лумпур хот дахь Умард Солонгосын ЭСЯ-ны нөлөө бүхий албан тушаалтныг Малайзын цагдаа нар эрэн сурвалжилж байна.
 
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эцэг нэгтэй ах болох Ким Жөн Нам өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Макао руу явах нислэгээ хүлээгээд Куала-Лумпурын олон улсын нисэх онгоцны буудалд байж байх үед нь түүнийг хоёр эмэгтэй хордуулан хөнөөсөн билээ.
Энэ халдлагын ард Умард Солонгос  бий гэсэн таамаг улам лавширсаар байна. Харин Пхеньянаас Малайзад суугаа Элчин сайд үүнийг эрс үгүйсгэн няцааж байгаа юм.
 
Малайзын ЦЕГ-ын дарга Халид Абу Бакар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “ энэ хэргийн сэжигтнүүд болох Умард Солонгосын хоёр иргэн манай улсаас гараагүй байх магадлалтай бөгөөд тэднийг эрэн сурвалжилж байна” гэв.
 
Түүний хэлснээр, энэ хоёр сэжигтний нэг нь Куала-Лумпур дахь Умард Солонгосын ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга бол нөгөөх нь тус улсын төрийн мэдлийн иргэний агаарын тээврийн компани болох “Air Koryo”-той холбоотой хүн аж.
 
Мөн энэ хэрэгт сэжиглэгдэж буй Умард Солонгосын өөр дөрвөн иргэн Малайзаас Пхеньян руу хэдийн явсан гэж үзэж байгаа бөгөөд өөр нэг иргэнийг нь Малайзын цагдаа нар саатуулаад байна.
 
Вьетнам болон Малайзын иргэн болох хоёр эмэгтэйг мөн саатуулаад байгаа юм.
Малайзын холбогдох албаны хүмүүс Ким Жөн Намын цогцсонд хийсэн задлан шинжилгээний хариу гарахыг хүлээж байгаа бөгөөд ДНХ-гийн шинжилгээ өгөхийг Жөн Намын ар гэрийнхэнд нь хандан хүсчээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг