sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар тус улсад энэ сарын 20-21-ний өдөр айлчилсан. Тэрбээр өнөөдөр айлчлалынхаа үр дүнгээр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
 
Сайд Ц.Мөнх-Оргил, “Айлчлалын гол зорилго бол энэ оны эхний улиралд БНХАУ-д хийх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын айлчлалын бэлтгэл ажлыг хангах явдал байсан. Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзаж, дэлгэрэнгүй яриа хэлэлцээ хийлээ. Мөн бусад албаны хүмүүстэй уулзаж, хоёр орны харилцаа, худалдаа-эдийн засгийн асуудлаар санал солилцсон. Тус улстай манай улс улс төр болоод нийгмийн зөрчилтэй ямар нэг асуудал байхгүй гэдгийг хоёр тал сэтгэл ханамжтай тэмдэглэсэн. Айлчлалын үр дүнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ирэх сард тус улсад айлчлахаар боллоо. Мөн "Нэг зам-Нэг бүс" олон улсын хуралд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын дарга Си Зиньпинийн урилгаар оролцохоор боллоо.
 
Хоёр улсын хооронд байгуулахаар санал нийлээд байгаа хэд хэдэн улс төрийн болоод эдийн засгийн чанартай асуудлууд байсан. Энэ хүрээнд Монголын "Талын зам" санаачилгыг Хятадын "Бүс ба зам" санаачилгатай уялдуулах, Монгол-Хятадын хүмүүнлэгийн солилцооны зөвлөл байгуулах, худалдаа, хөрөнгө оруулалтыг бэхжүүлэх тухай санамж бичиг байгуулах, хилийн боомт, тэдгээрийн дэглэмд өөрчлөлт оруулах зэрэг асуудлаар санал солицлоо.
 
БНХАУ-ын нутаг дэвсгэрээр далайд гарахаар дамжин өнгөрөх, буцаж ирэх, тээвэрлэн явуулах Засгийн газар хоорондын 2014 оны хэлэлцээрийг хятадын талаас соёрхон баталсан байна. Энэ нь худалдааны зардлыг бууруулахад ихээхэн түлхэц болно. Хэлэлцээрийн үр дүнд хятадын 7 боомтыг Монгол Улс ашиглах бололцоо нээгдэж байна. Өмнө нь манай улс Тяньжин, олон улсын Сянган боомтыг ашигладаг байсан. Нэмэлт таван боомтыг ашиглах нь. 
 
Манай талаас БНХАУ-ын талд түр зуурын эдийн засгийн хүндрэлийг даван туулахад тусламж дэмжлэг үзүүлэхийг хүссэн.Хятадын тал дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн. ОУВС-тай тохиролцоонд хүрч байгааг хөрш орнууд болон олон улсын түвшинд худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн урт хугацааны тогтвортой үйл явцыг төлөвлөх бололцоог бүрдүүлж байна хэмээн сайшаасан. БНХАУ болон ОХУ нь ОУВС, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкаар дамжуулан дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Үүний ихээхэн хэсгийн хөрөнгө оруулалтыг Хятадын талаас үзүүлж буйг тэмдэглэсэн.
Түүнчлэн хоёр улс Төв банкны хооронд байгуулсан своп хэлэлцээрийн хугацааг сунгахаар болж байна. Өнөөдөр Монголбанкны төлөөлөгчид тус улсын Ардын банктай хэлэлцээр хийж байна.
 
Гуравдугаарт своп хэлэлцээрийн хэмжээг нэмэгдүүлэх манай талын хүсэлтийг судалж байна. Нааштай шийдвэрлэнэ гэсэн. Өнгөрсөн жил тус улсын Ерөнхий сайд манай улсад айлчлахдаа өгөхөөр тохирсон нэг тэрбум ам.долларын зээлийн асуудал огт хөдлөөгүй байна. Уг хөрөнгийг Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин барилгажуулах, барилгажуулалтын явцад тухайн бүсийн иргэдийг амьдруулах 1000 айлын орон сууцны цогцолбор болон монголын боомтуудыг бэхжүүлэхэд зориулна. Үүний зэрэгцээ монголын талаас авах нүүрс, хонь, ямаа, үхрийн мах, махан бүтээгдэхүүний импортын нэмэгдүүлнэ.
Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах 10 гаруй баримт бичиг байна. Үүнийг Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд шийдвэрлэнэ. Мөн яам, агентлаг байгуулах баримт бичгүүд бий.
 
Үүний зэрэгцээ Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг тус улсад айлчлал хийнэ. Дараа нь шат дараатай зарим уулзалтууд болно" гэж ярьлаа. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг сайд Ц.Мөнх-Оргил өглөө.
 
-ОХУ-д хийсэн айлчлалын үеэр "Ростех"-ийн удирдлагуудтай уулзах хүсэлт тавьсан ч татгалзсан хариулт авсан гэх мэдээлэл гарсан. Энэ бодитой мэдээлэл үү?
 
-Худал мэдээлэл. Бид айлчлалын үеэр ямар нэг хувийн компанитай уулзаагүй. Хувийн компанийн зүгээс ч бидэнтэй уулзах ямар нэг хүсэлт тавиагүй. Албаны яриа хэлэлцээрийн үеэр “Эрдэнэт”-ийн асуудал огт яригдаагүй. 
 
-ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн үр дүнгээр Хятадын Ардын банктай Төв банк хоёр тэрбум ам.долларын  своп хэлцэл хийхээр болсон. Айлчлалын үеэр своп хэлцлийн хэмжээг нэмэхээр ярьжээ. Хэдий хэмжээгээр нэмэгдүүлэх вэ?
 
-ОУВС-тай хийсэн тохиролцоонд “БНХАУ-ын Ардын банк, Монгол Улсын Төвбанктай байгуулсан своп хэлэлцээрийг сунгана” гэсэн заалт орсон. Хятадын Ардын банк албан ёсны шийдвэрээ гаргаж, хугацааг сунгаж байгаа. Одоо хоёр банкны хооронд яригдаж хэлцлийнхээ хэмжээг жаахан нэмэгдүүлэх асуудал яригдаж байгаа юм билээ. Яг хэдий хэмжээгээр нэмэгдүүлэх нь банкуудын хоорондын асуудал. БНХАУ-ын талаас энэ хүсэлтийг нааштайгаар шийдвэрлэхийн төлөө ажиллана гэсэн хариуг өгсөн.
 
-БНХАУ-ын талаас нийтдээ яг хэдэн ам.долларын эдийн засгийн тусламж үзүүлэхээр болсон бэ?
 
-Эхний ээлжинд БНХАУ-аас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл, нэг тэрбум юанийн буцалтгүй тусламж өгөхөөр тохирсон.
 
-Засгийн газраас томоохон төслүүдээ хөдөлгөхдөө хоёр хөрштэйгээ хамтрах асуудлаар ярилцсан уу?
 
-Ярилцсан. ОХУ-тай 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийг тус улсын хөрөнгө оруулалт, технологи, хувийн хэвшлүүдтэй хамтарсан байдлаар томоохон төслүүд хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн. ОХУ-ын тал үүнийг  маш сайн дэмжиж байгаа. Ялангуяа төмөр зам, гурван улсын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх асуудал дээр манай улстай хамтрахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Хятадын талтай ярьж буй томоохон хөрөнгө оруулалтын асуудлыг Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан  ажлын хэсэг очиж холбогдох яриа хэлэлцээрийг хийнэ. У.Хүрэлсүх сайд эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтэц гэсэн маш том салбаруудыг зангидаж, хятадтай уул уурхайн, төмөр зам, эрчим хүч дамжуулах шугамуудын асуудлаар хэлэлцээр хийх юм. Ажлын хэсэг ирэх гуравдугаар сард, амжихгүй бол дөрөвдүгээр сард явна.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг