sonin.mn
МОСКВА./pravda.ru/.Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан амжилтын нууцыг нь хэл судлаачид нээн илрүүлжээ. Энэ нууц бол “би” гэдэг үгийг ашиглаж буй байдал болон сонгогчидтой шууд харьцах чадвар ажээ.
 
Швейцарийн хэл судлаач Жак Савой-гийн хийсэн судалгааны дүн "Digital Scholarship in the Humanities" хэвлэлд нийтлэгдсэн байна.“Трамп нам доторх сунгаа, сонгуулийн санал хураалтын аль алинд нь ялсан. Тэгэхээр энэ нь түүний харилцааны “twitter” загвар нь дараа дараагийн сонгуульд зонхилно гэсэн үг мөн. Улс төрийн илтгэл, үг яриа улам бүр хялбаршиж, өгч буй “мессеж” нь богиносох тал руугаа явж байна гэж Невшатель их сургуулийн эрдэмтэн Ж.Савой үзэж байна.
 
Савой үе үеийн 17 нэр дэвшигчийн хэлсэн үгийг судалж үзээд Трамп үг хэлэхдээ “би” гэдэг үгийг олонтаа ашигладгаас гадна тэрбээр үг яриандаа маш энгийн бүтэцтэй өгүүлбэрүүдийг ашигладаг байна. Чухамхүү энэ нь түүний онцлог юм.
 
Түүнээс гадна, Трампын хэлсэн үгийн ердөө гуравны нэг нь л утгынх байсан бол бусад нь утгыг бус сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн янз бүрийн хэллэгүүд, аялга үг, угтвар үгээс бүтсэн байжээ. Өөрөөр хэлбэл Трамп нийгмийн янз бүрийн давхаргын сонгогчидтой ойлгомжтой хэлээр ярихын сацуу сэтгэл хөдлөлийг чухалд үздэг байсан байна.
 
Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Трампыг үг хэлсний дараа мөн хэвлэлийн бага хурлын дараа түүнийг заавал ч үгүй шоолж тохуурхаж байна. Хэвлэл мэдээллийнхэн ийм маягаар түүнд “хариу цохилт” өгч байгаа юм, учир нь Трамп хэвлэл мэдээллийнхэнтэй "дайн зарлачихаад" байгаа билээ.
 
Шүүмжлэлийн давалгаа Ерөнхийлөгчийг тангараг өргөсний дараа ч үргэлжилсээр байна. La Times-ын сурвалжлагч Марк З. Барабак АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг “цэвэр Трампизм” гэж нэрлэжээ. Түүний хэлсэн үгэнд “эрхэм дээд уриа дуудлага” байгаагүй, өгч буй мессеж нь “хорссон, бүдүүлэг, гүн гомдол тээсэн” байжээ.  Washington Post сонин тангараг өргөх ёслол дээр Трампын хэлсэн үгийг “огцом бөгөөд ширүүн” байсан гэжээ.
 
Трамп хамгийн сүүлд болсон хэвлэлийн бага хурлын үеэр “үзэн ядах кампанит ажил”, “худал мэдээ тараасан” гэж голдуу ярьсныг New York Times “учир утгагүй, онгиргон үг яриа” гэж шүүжилжээ.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг