sonin.mn
ЗАВИЯ. /СNN/. Ливийн эрэгт 74 хүний цогцос шидэгдэн гарч иржээ. Цагаачид тээвэрлэж явсан завь хөмөрсний улмаас эдгээр хүмүүс амиа алдсан байж магадгүй гэж тус улсын хүмүүнлэгийн байгууллага үзэж байна.
 
Ливийн Улаан хавирган сар нийгэмлэгийн ажилтнууд даваа гарагт Завия хотод цогцсуудыг цуглуулжээ.Тус нийгэмлэгийн албаны хүмүүс хэлэхдээ “цогцсууд хэнийх болохыг тодорхойлоогүй байна. Гэхдээ Европыг зорин явж байсан цагаачид завь нь хөмөрсний улмаас амиа алдсан байж магадгүй гэж бид таамаглаж байна” гэв. Хэргийн газрын ойролцоогоос хийлдэг завь олдсон гэх мэдээлэл байна. Амьд үлдсэн цорын ганц хүнийг ухаан орохоор нь хэргийн талаар лавлаж тодруулах аж.
 
Ойрхи Дорнод болон Хойд Африкийн улс орнуудаас олон хүн Газар Дундын тэнгисээр дамжин Европыг зорьсоор байгаа билээ. Цагаачид, дүрвэгчид тээвэрлэсэн завь энэ тэнгист осолдсон тохиолдол дахин нэмэгдэх болжээ.
 
Олон улсын цагаачлалын асуудал хариуцсан байгууллагын мэдэгдсэнээр, өнгөрсөн онд 5000 гаруй хүн Европ руу явж байх замдаа Газар Дундын тэнгист амиа алдаж, сураггүй болжээ.
 
Чанарын шаардлага хангахгүй завь болон хөлөг онгоцоор цагаачид, дүрвэгчдийг хууль бусаар тээвэрлэж байгааг таслан зогсоох арга хэмжээ авахыг тус байгууллага холбогдох улс орнуудад уриаллаа.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг