sonin.mn
СТОКГОЛЬМ. /TASS/. Цагаачид олноороо амьдардаг Стокгольмын дагуул хот Ринкебю-д 2 дугаар сарын 20-ны даваа гарагийн орой олныг хамарсан эмх замбараагүй үүссэн тухай CBT телевиз  мэдээллээ.
 
Үймээнд оролцогчид цагдаа нар руу чулуу шидсэн бол хууль сахиулагчид хариуд нь анхааруулга өгөн хэд хэдэн удаа буудсан байна.
 
Үйл явдлыг нүдээрээ харсан хүмүүсийн ярьснаар, метроны буудал дээр оройн 22 цагийн үед цагдаа нар эрэн сурвалжлагдаж байсан нэгэн этгээдийг баривчлах гэж оролдох үеэр үймээн дэгдэж, улмаар хүмүүс цагдаа нар руу чулуу нүүлгэжээ. Нэг цагдаа чулуунд оногдон бэртсэний дараа хэд хэдэн удаа анхааруулан буудсан байна. Үүний дараа цагдаа нар баривчлагдсанг этгээдийг авч явсан ажээ.
 
Гэтэл үүнээс хойш 2 цагийн дараа /орон нутгийн цагаар 00:00-оос хойш/ тус дагуул хотын өөр нэгэн дүүрэгт дахин эмх замбараагүй байдал дэгдэж, улмаар хэд хэдэн машиныг шатаасан байна. Онцгой байдлын албаны ажилтны хэлснээр, үймээн дэгдээгчид арав гаруй хүн байсан гэж байгаа ч цагдаа нар түүнээс цөөн хүн байсан гэжээ. Үймээнд оролцогчдын тоог одоохондоо мэдээлээгүй байна.
 
“Зарим нь явж, зарим нь ирж байсан. Харин яг хэдэн хүн байсныг хэлэхэд хэцүү” хэмээн нийслэлийн цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Ларс Бюстрём ярьжээ. Хэв журам сахиулагчид аврагчдад ажлаа зохион байгуулахад нь тусалж байна. Хэргийн газар руу цагдаагийн нэмэлт хүчийг илгээжээ. Бюстрёмын хэлснээр, одоо хамгийн гол нь амгалан тайван байдлыг тогтоох явдал аж.
 
Аврагчид шатаж буй машинууд руу очих боломжгүй байгаа, учир нь цагдаагийнхан эмх замбараагүй байдал үүссэн дүүргийг хяналтандаа авч чадаагүй байгаа юм.
“Бидэн рүү чулуу нүүлгэж байсан болохоор бид тэндээс явахаас аргагүй болсон” гэж аврах албаны дарга Чарльз Огрен ярьжээ. Түүний ярьснаар шатаж буй машинаас гал тархах аюул байхгүй аж.
 
Олон удаагийн эмх замбараагүй байдлын үеэр ажиллаж байсан гэрэл зурагчин ярихдаа “байлдааны ажиллагаа явагдаж буй газартай илүү төстэй байна” гэжээ. 
Цагдаа нар ноцтой эмх замбараагүй байдлыг зохион байгуулж, төрийн албан хаагчдын эсрэг хүч хэрэглэсэн хэрэгт буруутай этгээдүүдийг илрүүлэх, мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлжээ.
 
О.Барс

 

 
 
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг