sonin.mn
ТЕГЕРАН. /IRNA/. Аюулгүй байдалтай холбоотойгоор сүүлийн хэдэн долоон хоногт наад зах нь хоёр дроныг /зайнаас удирддаг агаарын хөлөг/ буудан унагаасны дараа нийслэл Тегеран хотын дээгүүр ийм хувийн төхөөрөмж нисгэхийг Иран улс хориглолоо.
 
Армийн албаны хүмүүсийн хэлснээр, “хувь хүмүүст бус холбогдох байгууллагууд”-д дрон нисгэх зөвшөөрөл олгох аж.
Сүүлийн үед Тегеранд дрон нисгэх нь ихэссэн нь оршин суугчдын дургүйцлийг хүргэх болжээ. Гэрийнх нь ойролцоо дрон нисгэх болсныг “хувийн нууцад халдсан хэрэг” гэж Тегераны оршин суугчид үзэж байна.
 
Ираны дээд албан тушаалтнууд, тэдний дотор Дээд удирдагч Аяатолла Али Хаменеи-гийн ажлын байрны ойролцоох хориотой буюу нислэггүй бүс рүү нэвтэрсэн нэгэн дроныг өнгөрсөн оны 12 дугаар сард буудан унагаажээ. Баримтат кино хийхийн тулд тус улсын төрийн мэдлийн телевиз уг дроноор бичлэг хийж байсан гэнэ.
Мөн өнгөрсөн сард Тегеран хотын төв дээгүүр нисч байсан нэгэн дроныг буудсан боловч унагаан устгаж чадаагүй аж.
 
Даваа гарагт албаны хүмүүс хэлэхдээ “бүх дроныг бүртгүүлж, зөвшөөрөл авах ёстой. Гэхдээ хувь хүмүүст дрон ашиглах зөвшөөрөл олгохгүй" гэжээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг