sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зөвлөлдөх санал асуулгын хуулийг УИХ-ын намрын чуулганаар баталсантай холбогдуулж УИХ-ын гишүүн Г.Занданшатартай уулзаж ярилцлаа.
 
-Манайхны хамгийн сайн мэддэг асуулга бол ард нийтийн санал асуулга. Зөвлөлдөх санал асуулга нь ард нийтийн санал асуулгаас юугаараа ялгаатай вэ?
 
-Ард нийтийн санал асуулга нь бүх нийтийг шийдвэр гаргахад оролцуулж байгаагаараа сайн талтай. Сөрөг тал нь иргэд бүгд энэ талын мэдээлэлтэй байдаггүй. Үүнийг социологийн шинжлэх ухаанд санаатай үл тоомсорлох үзэгдэл гэж нэрлэдэг. Жишээлбэл, Тавантолгойн талаар асуухад миний мэдэх асуудал биш гэж үзээд иргэд үл тоомсорлодог. Залуучууд дуу бүжиг л үзнэ үү гэхээс улс төр сонирхдоггүй. Иймээс иргэд тухайн асуудал дээр мэдээлэлгүй байх нь элбэг тохиолддог. Ийм тохиолдолд зөв шийдэл гаргасан санал асуулга болж чадахгүй. Иймд ард нийтийн санал асуулгаар асуудлыг шийдэх нь зөв хандлага болж чаддаггүй.
 
Хоёрдугаар, социологийн шинжлэх ухаанд хоосон хариулт гэсэн ойлголт байдаг. Аливаа хүн мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Жишээ нь малчин хүн физикийн нэр томъёо мэдэх албагүй. Асуух юм бол аль нэгийг нь дугуйлчихна. Америкийн нэг эрдэмтэн огт байхгүй хуулиар хүмүүсийн бодлыг асуутал 60 хувь нь “Буруу хууль, хүчингүй болгох хэрэгтэй” хэмээн хариулсан байдаг. Энэ жишээ нь хүмүүс мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрдөггүй гэдгийг харуулж байгаа юм
 
Гуравдугаарт ард түмэн саналаа өгсөн тохиолдолд эцсийн шийдвэр болж хадгалагддаг. Хожим нь үүнийг засч залруулах бололцоо байдаггүй гэх мэт сул талууд бий.
 
-Одоо тэгвэл зөвлөлдөх санал асуулгын талаар товч ойлголт өгөх үү?
 
-Нийт ард иргэдийг төлөөлж чадахуйц бүрэлдэхүүнийг статистикийн шинжлэх ухааны санамсаргүй түүврийн аргаар сонгоод 400-500 хүнийг сонгох нь нэгдүгээр алхам. Удаад нь тэдгээр хүмүүсийг нотолгоо, баримтад суурилсан мэдээллээр хангана. Дараагаар тэднийг  жижиг бүлгүүд болгон хувааж, зөвлөлдөж ярилцах боломж олгоно. Тэдгээр бүлгүүд асуудлыг шүүн тунгаагаад, санал шийдлээ нэгтгэхийг хэлж байгаа юм.
 
Өөрөөр хэлбэл, нийт ард иргэдийн дунд санал асуулгаар асуудлыг шийдэх боломжгүй. Учир нь тэднийг нотолгоонд суурилсан мэдээллээр хангана гэвэл олон тооны хурал зөвлөгөөн, сургалт семинар зохион байгуулах хэрэгтэй болно. Нотолгоонд суурилсан тэнцвэртэй мэдээллээр хангагдсан тохиолдолд иргэд өөрсдөө сонголт хийх боломжтай болно гэсэн үг.
 
-Иргэдийг мэдээлэлжүүлнэ гэвэл нэлээн урт хугацааны үйл явц болох нь ээ?
 
-Одоогийн бидний хийдэг хурал зөвлөгөөн хэлбэрийн шинж чанартай байх нь олонтаа. Бидний хэрэгжүүлж буй ардчилал ч мөн адил. Ардчилал мэдээлэлтэй байх эрх олгодог гэж бид итгэдэг. Төр засаг үнэн бодит мэдээллээр хангана гэж найддаг. Олон нийтийн сүлжээ өргөн дэлгэр энэ үед бодитой, тэнцвэртэй мэдээллээр хангах явдал туйлын хязгаарлагдмал болсон. Нэгдүгээрт мэдээллийн маш олон сувагтай болсон, хоёрт нь мэдээлийн эрх чөлөө, үнэн бодит, тэнцвэртэй байдал алдагдсан. Аливаа шийдэлд эерэг, сөрөг тал бий. Эдгээр талыг харьцуулан дүгнэх бололцоогүйгээр хүмүүс сэтгэлийн хөдөлгөөнөөр асуудал туйлширдаг. Үүнийг дагаад УИХ ч баримтад суурилаагүй нийгмээс үзүүлж буй сэтгэл хөдлөлийн давалгаагаар асуудалд хандаж байна.
 
Зөвлөлдөнө гэдэг нь зөвийг олохын тулд тэнцвэртэй харилцан ярилцахыг хэлж байгаа юм. Бүхнийг мэддэг хүн гэж байхгүй, харин ярилцахаараа асуудлыг ухаж ойлгодог. Нэг талаасаа зөвлөлдөх ардчилал гэдэг нь ухамсарласан ардчилал гэж ойлгож болно. Ухамсарлуулахын тулд тэнцвэртэй мэдээлэл авах ёстой. Зөвхөн улаан талын мэдээллийг өгөөд байвал тал хүн улааныг дагадаг болж магадгүй. Улаан, цагаан хоёр талын мэдээллийг тэнцвэртэйгээр өгнө гэсэн үг. Нотолгоонд суурилсан тэнцвэртэй мэдээллийг олгож байгаагаараа зөвлөлдөх санал асуулгын давуу тал оршиж байгаа юм.
 
-Тэгэхээр мэргэжлийн судлаачид, судалгааны багийнхний оролцоо ихээр шаардагдах бололтой?
 
-Мэргэжлийн судлаачдын чадавхийг бэхжүүлэхэд техникийн туслалцаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага зайлшгүй бий.
 
-Сүүлийн үед төр иргэнийхээ үгийг сонсдог болсонТухайлбал, Иргэний танхимын үйл ажиллагаатай зөвлөлдөх санал асуулга яаж уялдах вэ?
 
-Иргэний танхимыг боловсронгуй болгосон хувилбар гэж ойлгож болно. Иргэний танхим дахь уулзалтад зөвхөн тухайн асуудад хамааралтай хүмүүс очдог.  Зөвлөлдөх санал асуулга нь түүвэр судалгаагаар сонгох учир хэн ч очиж болно. Жишээ нь, ТҮЦ-ний асуудлыг шийдье гэхэд Иргэний танхимд ТҮЦ-тэй ашиг сонирхолоороо холбогдсон хүмүүс очдог. Энэ нь нийт ард түмний биш тухайн хэсгийн үзэл бодол болчихоод байгаад хамаг учир байгаа юм.
 
-Орон нутагт шийдвэрлэх асуудал их байна. Зөвлөлдөх санал асуулгын хууль орон нутагт хэрхэн хэрэгжих вэ?
 
-Баянхонгор аймгийн Шинэжинст суманд сургуулийн хаалга эвдэрхий байгаа эсэхийг Улаанбаатараас мэдэх боломжгүй. Тиймээс орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг  зөвлөлдөх санал асуулгаар шийдэх боломжтой. Өнөөдөр сумын сургуулийн барилгаа засах уу, нэхийний үйлдвэр байгуулах уу гэх мэт мөнгө зарцуулах мянган сэдэв амьдрал дээр байж байна. Тухайн суманд тулгамдаад байгаа асуудлыг иргэд нь л мэднэ. Тиймээс ард иргэдтэйгээ ярилцаж байгаад асуудлыг ийм дэс дараатайгаар хэлэлцээд санал зөвлөмж болгон гаргахыг хуулиндаа тусгасан.
 
-Санал асуулга явуулах анхны санаачилгыг хэн гаргах вэ. Хэрхэн зохион байгуулах вэ?
 
-УИХ-аас анхан шатны байгууллага хүртэлх шийдвэр гаргах этгээд санаачилж болно. Санал асуулга явуулсан тохиолдолд ард түмний санал нэрийдлээр будлиан хутгаж болзошгүй. Тиймээс сумынхаа ахмадын зөвлөл гэх мэт нэр хүнд бүхий хүмүүсээр хяналт тавиулах ёстой. Харин санал асуулгад оролцох иргэдийг статистикийн байгууллагын тухайн сум дахь төлөөлөгч санамсаргүй түүврийн аргаар сонгоно. Иймээс л эхний ээлжинд статистикийн ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлэх шаардлагатай болоод байгаа юм.
 
-Зөвлөлдөх санал асуулгыг жилд хэдэн удаа явуулж болох вэ. Дээд талын хязгаар гэж байх уу?
 
-УИХ-ын гишүүдээс 2-оос илүү болдоггүй байх нь зөв гэсэн санал гарч байсан. Ямартай ч жилд 1-2 удаа орон нутгийн хөнжлийн сангийн асуудлаар зөвлөлдөх шаардлага гарах байх.
-Анхны санал асуулгыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр явуулна гэсэн мэдээлэл бий.  Ямар шатлалаар асуулга явах вэ?
 
-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Зөвлөлдөх санал асуулга явуулах санаачилга гаргаад байна. Үүний тулд дор хаяж долоон ажил хийх хэрэгтэй.
 
-Хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай вэ. Ер нь нэг санал асуулгад хэдий хэмжээний төсөв шаардагдах бол?
 
-Асуулгад тодорхой хэмжээний зардал гарна. Ингэж шийдсэн асуудал нь ул суурьтай шийдвэр болох учраас зардлаасаа илүү үр ашгаа өгдөг нь судалгаагаар нотлогдсон.
 
-Хууль хэзээнээс хүчин төгөлдөр мөрдөгдөх вэ?
 
-Хууль ирэх сарын нэгнээс хэрэгжинэ.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг