sonin.mn
БЕРЛИН. /TASS/. Унгарын найруулагч Ильдико Эньеди-ийн “Бие, сэтгэлийн тухайд” /On Body and Soul/ гэдэг кино Берлиний кино наадмын гол шагнал “Алтан баавгайг” хүртлээ. Уг кино тус шагналыг авсан нь шүүмжлэгчдийн хувьд гэнэтийн явдал болжээ.
 
Уг кинонд буга амьдардаг шидэт ойн тухай өгүүлдэг ба киноны гол баатар болох бүсгүй, залуу хоёрын зүүдэнд тэдгээр буганууд орж ирээд байдгийн учир нь төдөлгүй тодорхой болно. Тэр хоёр хоёулаа мал нядалгааны газарт ажилладаг ба хоёуланд нь адилхан зүүд зүүдлэгдэнэ. Бүсгүй ,залуу хоёр зүүдэндээ тэдгээр бугын дүрд хувилдаг ба бие биендээ хайртай болдог. Харин бодит амьдрал дээр бол энэ бүхэн нь хавьгүй хэцүү байх ба хайр сэтгэлээ хүлээн зөвшөөрөхийн тулд хос хоёр сэтгэлдээ бугшсан олон саад давааг туулах хэрэгтэй болно.
 
Эньеди-ийн найруулсан кино мөн Берлиний олон улсын 67 дахь кино наадмын хараат бус шүүгчдийн 3 шагналыг хүртжээ. Тэдгээр шагналуудын дунд “Уралдаант хөтөлбөрийн шилдэг кино” номинацид Экумений шүүгчдийн шагнал, Кино мэдээллийн олон улсын холбооны /FIPRESCI/ шагнал, “Берлинер моргенпост” сонины шагнал байгаа аж. Кино наадмын удирдлагын оролцоогүйгээр сонгогддог шүүгчдийг хараат бус шүүгчид гэж үздэг байна. Найруулагч, кино зохиолч Диого Коста Амаранте-гийн “Бяцхан хот” /Cidade Pequena/ богино хэмжээний кино мөн төрөлдөө шилдгээр тодрон “Алтан баавгай” шагналыг хүртжээ.
 
Альфред Бауэрын нэрэмжит нэр хүндтэй шагналын эзнээр Польшийн найруулагч Агнешка Холланд тодорлоо. Хүний хувь заяаг шийдэх үүргийг өөртөө авсан нэгэн ахимаг настай эмэгтэйн тухай өгүүлдэг “Араатны мөр” /Spoor/ кино түүнд энэ шагналыг авчирлаа. Найруулагч Холланд уг киноны гол дүрд тоглосон жүжигчин эмэгтэй Агнешка Мандат Грабка-д онцгой ихээр талархаж байгаагаа илэрхийлсэн байна.
 
“Мөнгөн баавгайн” эзэд
 
Финландын найруулагч Аки Каурисмяки “Мөнгөн баавгай” шагналыг “Итгэл найдварын нөгөө тал” /The Other Side of Hope/ киногоороо хүртжээ. Үүний зэрэгцээгээр кино шүүмжлэгчид уг киног гол номинацийн ялагч болгожээ, учир нь уг кинонд хөндсөн дүрвэгсдийн асуудал Европт хэзээ ч байгаагүйгээр тулгамдсан асуудал болоод байгаа билээ.
 
Тус киноны гол баатар Викстрем ресторан нээж байгаа бол харин Алеппо хотоос ирсэн дүрвэгч Халед Европт амьдралаа цоо шинээр эхлэхээр төлөвлөнө. Бичиг баримтаа бүрдүүлж, ажилд орох гэдэг боловч татгалзсан хариу авна. Ингээд албадан гаргахаас зайлсхийн хуурамч бичиг баримттай болсноор киноны гол баатрын ресторанд нууцаар ажиллаж эхэлнэ. Жирийн хүмүүс хууль бус цагаачид тусламжийн гараа сунгана.
 
Найруулагчийн хэлснээр, түүний кино нь дайн самуунаас дайжин, амь гарсан хүмүүст хандах европчуудын өрөвч сэтгэлийг төрүүлэх зорилготой ажээ.
Шүүгчдийн гран-при шагналыг найруулагч Ален Гомис “Фелисите” /Felicite/ киногоороо хүртжээ. Уг киноны үйл явдал Ардчилсан Конго улсын нийслэл Киншас хотод өрнөнө. Гоц авьяастай дуучин Веро Тшанда Бейа осолд орж гэмтсэн хүүгийнхээ мэс засалд мөнгө цуглуулахаар болно. Уг мэс заслын үнэ нь дуучны хувьд ой тойнд нь багтамгүй их мөнгө буюу 600 доллар аж. Фелисите бусдаас тусламж гуйхаас аргагүй болдог ч түүнд хэн ч туслахгүй.
 
“Гэгээтэй шөнө” /Bright Nights/ киноны гол дүрд тоглосон жүжигчин Георг Фридрих шилдэг эрэгтэй дүрийн “мөнгө” хүртэв. Мөн ийм шагналыг найруулагч Хон Сан Су-гийн “Наран шарлагын газар шөнө ганцаараа” /On the Beach at Night Alone/ кинонд  тоглосон жүжигчин эмэгтэй Ким Мин Хи-д олгожээ.
 
Уран сайхны гарамгай хувь нэмэр оруулсны төлөө монтажчин Дана Бунеску Герман, Румын, Францын хамтран бүтээсэн Петер Нетцерийн “Ана, миний хайр” /Ana, mon Amour/ кинонд ажилласны төлөө “Мөнгөн баавгай” шагнал хүртжээ. Уг кинонд залуу эр Том ба сэтгэцийн эмгэгтэй Ана хоёрын амьдралын тухай өгүүлнэ.
 
Шилдэг кино зохиолын нэр хүндтэй шагналыг “Гайхамшигт эмэгтэй” /Una Mujer Fantastica/ кинонд ажиллахад оролцсон Себастьян Лелио, Гонсало Маца нар хүртсэн байна. 
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг