Д амин дэм ханиад томуунаас сэргийлэхэд тустай

Нийтэлсэн: 2017-02-17 18:05:53

ЛОНДОН. /ВВС/.  Д аминдэмийн нэмэлт бэлдмэлүүд нь Их Британид жилд гурван сая гаруй хүнийг ханиад томуу тусахаас урьдчилан сэргийлнэ гэж тус улсын судлаачид үзэж байна.
 
Нарны аминдэм гэгддэг Д витамин нь ясанд тустайгаас гадна дархлааг дэмжиж, хүний бие дэх нян, вирусийг устгахад тустай аж.
Д аминдэмийн бэлдмэл нь халдварт өвчин тусахаас урьдчилан сэргийлэхэд тустай эсэхийг тогтоохоор явуулсан 25 туршилтад 11321 хүн оролцжээ. Туршилтад хамрагдсан хүмүүсийн мэдээлэлд судлаачид дүн шинжилгээ хийсэн байна.
 
Хатан хаан Мэригийн нэрэмжит Лондоны их сургуулийн судлаачдын баг хамрын ханиаднаас авахуулаад хатгаа хүртэлх амьсгалын замын халдварт өвчнүүд тусахаас урьдчилан сэргийлэхэд Д амин дэм тустай эсэхийг судалжээ.
 
Судалгааны дүнд тэд "Д амин дэмийн нэмэлт бэлдмэл тогтмол хэрэглэх нь ханиад томуунаас урьдчилан сэргийлэхийн тулд вакцин хийлгэхээс илүү үр дүнтэй" гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. 
 
Гэхдээ бүх зүйл хэмжээ хязгаартай байдаг билээ. Д витаминыг хэт их хэрэглэвэл цусан дахь кальцийн хэмжээ ихэсч, зүрх болон бөөрний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байна. Мөн ямар нэгэн хууч өвчтэй эсвэл эм бэлдмэл тогтмол хэрэглэдэг хүн Д аминдэм ууж эхлэхээсээ өмнө эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй гэдгийг судлаачид онцлон тэмдэглэж байна.
 
Судалгааны багийн гишүүн профессор Адриан Мартино ярихдаа “Их Британийн хүн амыг 65 сая гэж тооцоод тэдний 70 хувь нь жилд нэг удаа амьсгалын замын халдварт өвчин тусдаг гэж үзвэл Д витамины тогтмол хэрэглээ нь энэ тохиолдлыг 3.25 сая хүнээр бууруулна” гэлээ.
 
АНУ-д сүүг амин дэмээр баяжуулдгийн адилаар Их Британид Д витаминаар хоол хүнсийг баяжуулах саналыг судалгааны багийнхан дэвшүүлсэн байна.
“Уг судалгаа нь Д витамины дутагдалтай хүмүүс хамгийн олноор амьдардаг Их Британи зэрэг улс орнуудад хоол хүнсийг Д витаминаар баяжуулах ажлыг идэвхжүүлэх хэрэгтэйг харуулж байна” гэж профессор Мартино нэмж хэллээ.
 
Б.Мишээл
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

1 сэтгэгдэл харуулж байна        

  1. Манайд ийм судалгаа явагдаад Монголд Д амин дэм маш их дутагдалтайг тогтоогоод дvгнэлт гарсан. Монгол улсад Монгол хvний толоо гэж юм бараг байхгуй болохоор ЭМЯ, ХХААЯ энэ талаар юм хийгээгуй байх

    Зочин, 2017-02-20 16:53:14, 182.160.0.107Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: