sonin.mn
КИЕВ./TASS/. "Евровидение-2017" дууны тэмцээний тасалбар Украины хар зах дээр 1403 еврогийн үнэд хүрч байгаа тухай тасалбар борлуулалтын Concert.ua албан ёсны цахим хуудасны захирал Дмитрий Чинь ярьжээ.
 
Тэрбээр “тасалбарыг бодит үнээс нь 3-5 дахин өндөр үнээр интернетээр дамлаж байна” гэдгийг дурдлаа.
 
Хувийн зар сурталчилгааны цахим хуудсууд 5 дугаар сарын 9-ний өдөр болох хагас шигшээ тоглолтын концертын тасалбарыг 281 евро, тайзанд илүү ойр суудлын тасалбарыг 1403 еврогоор худалдаж байна. Финалын тоглолтын хамгийн хямд тасалбар 333 еврогийн үнэтэй байгаа аж.
 
Харин албан ёсны Concert.ua хуудсанд тасалбарыг хамаагүй хямд үнээр борлуулж байна. Тухайлбал, хамгийн хямд нь гэхэд бэлтгэл сургуулилтыг үзэх эрх бүхий тасалбар 8 евро, хамгийн үнэтэй нь 500 еврогийн үнэтэй /финалын тоглолтын VIP тасалбар/ байгаа аж. Мөн финалын тоглолтын хамгийн хямд тасалбар тус цахим хуудсанд 70 еврогийн үнэтэй байна. Иймээс зөвхөн албан ёсны борлуулагчаас тасалбар худалдан авахыг Дмитрий Чинь зөвлөж байна. 
 
“Евровидение-2017” тэмцээнийг зохион байгуулагч Украины Үндэсний олон нийтийн телевиз, радиогийн компанийн орлогч захирал Павел Грицак хэлэхдээ “ямартаа ч тасалбарын үнэ нь оюутнуудаас авахуулаад баян чинээлэг хүмүүс хүртэлх нийгмийн бүх давхаргынхан худалдан авч болохоор байгаа” гэлээ.
 
"Евровидение-2017"-гийн хагас шигшээ тоглолтын концерт Украины нийслэл Киев хотод 5 дугаар сарын 9- 11-ний өдрүүдэд, шувтаргын тоглолт 13-ны өдөр болно.
Өнгөрсөн онд Шведийн нийслэлд болсон "Евровидение-2016" тэмцээнд Украины дуучин Жамала “1944” дууг дуулж ялснаар украинчууд энэ жилийн тэмцээнийг зохион байгуулах эрхийг авсан билээ.
 
Б.Мишээл
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг