sonin.mn
ВАШИНГТОН. /BBC/. Өчигдөр Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогыг эсэргүүцэгчид “Цагаачидгүй өдөр”-ийг зарлажээ.
 
Цагаачид АНУ-д хэр чухал байр суурьтай болохыг харуулахын тулд ажилдаа явахгүй, дэлгүүр, кафед орохгүй, тэр байтугай хүүхдүүдээ ч сургуульд нь явуулахгүй байхыг уг хөдөлгөөнийг санаачлагчид уриалж байв.
 
Зохион байгуулагчдын мэдэгдсэнээр, "Цагаачидгүй өдөр" арга хэмжээнд Бостон, Нью-Йорк, Хьюстон зэрэг Америкийн томоохон хотуудын мянга мянган иргэд нэгдсэнээс гадна хэдэн зуун хоолны газар, дэлгүүр зэрэг үйлчилгээний газрууд энэ өдөр ажиллаагүй байна.
 
Филадельфи хотын төвд орших итали зах ажиллаагүй тул хоол хүнсээ цуглуулахаар ирсэн хүмүүс гар хоосон буцжээ. Тус захын ихэнх дэлгүүр, лангуунуудыг мексикчүүд ажиллуулдаг аж.
 
Филадельфи болон Вашингтон хотуудын рестораны эзэд хөдөлгөөнд нэгдсэнээр эдгээр хотуудад нэлээд хэдэн хоолны газар ажиллаагүй гэнэ.
Тус улсын БХЯ-ны мэдэгдсэнээр, Пентагоны барилгад байрладаг зарим кафены ажилтнууд ажилдаа ирээгүй ажээ. Эсэргүүцлийн хөдөлгөөнд Пентагоны барилга дахь “Starbucks”, “Taco Bell” болон “Burger King” зэрэг үйлчилгээний газрын ажилтнууд нэгджээ.
 
Энэ бүхний сацуу музейгээсээ цагаачдын туурвисан бүтээлүүдийг хураана гэдгээ Массачусетс муж улсын Уэллсли коллеж мэдэгджээ.
 
Түүнчлэн Чикаго хотод болсон эсэргүүцлийн ажиллагаанд “Pete's Fresh Market” хүнсний сүлжээ дэлгүүр нэгдсэн байна. Тус сүлжээ дэлгүүрийн эзэн Ванесса Дремонас бол Грекээс АНУ-д ирж суурьшсан цагаач юм. Тэрбээр нийт 12 дэлгүүрийнхээ тавыг нь хааж, ажилчиддаа чөлөө олгосон байна. Мөн тус хотод “El Milagro” сүлжээ хоолны газрын зарим нь ажиллаагүй ажээ.
 
 
Иран, Ирак, Сири, Сомали, Ливи, Судан болон Йемен гэсэн лалын шашинт долоон улсын иргэдийг АНУ-д 90 хоногийн хугацаанд нэвтрүүлэхгүй байх тухай зарлигт нэгдүгээр сард ажлаа авсныхаа дараахан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурсан билээ. Мөн АНУ-д дүрвэгсдийг хүлээн авахыг зогсоосон түр зогсоосон юм. Түүний энэ шийдвэрийг дотоод, гадаадынхан тэдний дотор бизнесийн салбарынхан эсэргүүцсээр байна.
 
Үүний дараа Вашингтон муж улсын Сиэтл хотын Холбооны шүүх Д.Трампын гаргасан зарлигийг хүчингүй болгосон билээ.  Харин АНУ-ын Хууль зүйн яам шүүхийн энэ шийдвэрийг эсэргүүцсээр байна.
 
Д.Трампын шийдвэрийн улмаас 100 мянга гаруй хүний виз хүчингүй болсон бөгөөд зарим улсад АНУ-ын виз авах нөхцөл, шаардлагыг улам чангатгажээ.
 
Б.Мишээл
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг