Кантри хөгжмийн академийн гол шагналуудыг Кит Урбан хүртлээ

Нийтэлсэн: 2017-02-17 16:05:00

НЬЮ-ЙОРК./ТАСС/.Америкийн Кантри хөгжмийн академийн гол шагналуудын эзнээр дуучин, хөгжмийн зохиолч Кит Урбан тодорчээ. Шилдгүүдийг энэ сарын 16-ны өдөр CBS сувгаар зарласан бөгөөд шагнал гардуулах ёслол энэ оны дөрөвдүгээр сард Невада муж улсын Лас-Вегас хотод болно.
 
Кит Урбан нь Шинэ Зеландаас гаралтай бөгөөд нэрт жүжигчин Николь Кидманы нөхөр гэдгээр нь түүнийг хүмүүс сайн мэддэг. Тэрбээр нийт долоон номинацид нэр дэвшсэний дотор “оны шилдэг дуучин” болон “оны шилдэг цомог” төрлүүдэд “Ripcord” цомгоороо өрсөлдсөн юм.
 
Грэммийн шагналт нэрт дуучин Миранда Ламберт  долоон жил дараалан “шилдэг эмэгтэй дуучин” шагналын эзнээр тодорсон байна. Тэрбээр “оны шилдэг цомог”, “оны шилдэг дуу”, “оны шилдэг бичлэг” зэрэг нийт зургаан төрөлд өрсөлджээ.
 
Америкийн нэрт дуучид болох Жейсон Олдин, Люк Брайан болон Кэрри Андервүүд нар Урбаны гол өрсөлдөгчид байлаа.
2016 онд Кантри хөгжмийн академийн “оны шилдэг дуучин”-аар  Крис Стэплтон шалгарч байжээ.
 
Кантри хөгжмийн Академи нь 1964 онд Лос-Анжелес хотод байгуулагдсан бөгөөд шагнал гардуулах анхны ёслолоо 1966 онд хийж байжээ. Ёслолын үеэр ковбой малгайны хэлбэртэй, мөнгөөр цутгасан цомыг кантри хөгжмийн салбарт гарамгай амжилт гаргасан хүмүүст гардуулдаг байна. 
 
Б.Мишээл
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: