sonin.mn
ЛОНДОН./BBC/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Израиль-Палестины сөргөлдөөнийг зохицуулахад чиглэсэн "хоёр улс" үзэл баримтлалаас татгалзахгүй байхыг Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаанд санууллаа.
 
Д.Трамп хоёр талын аль алиных нь эрх ашигт нийцсэн бөгөөд энх тайван тогтооход хүргэх ямар ч томьёоллыг дэмжих болно гэж хэлснээс үүдэн НҮБ-ын тэргүүн дээрх үгийг хэлсэн нь илт байна. Ийм байр суурь нь уг асуудлаар АНУ-ын удаан хугацаанд баримталсаар ирсэн дипломат бодлогод харшилж байгаа ажээ.
 
Палестины засаг захиргаа Трампын байр суурийн тухайд түгшсэн байдалтай байна. Трампын байр суурь нь Палестины төрт улсыг дэмжихээс АНУ татгалзаж байгаагийн далд илэрхийлэл гэж Палестины тал үзэж байгаа аж. Дашрамд дурдахад, Израиль-Палестины хэлэлцээний хамгийн сүүлчийн үе шат 2014 онд үр дүнд хүрэлгүй дууссан билээ.
 
Лхагва гарагт Ерөнхийлөгч Д.Трамп Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзсаныхаа дараа үг хэлэхдээ, Израиль, Палестин хоёрыг гайхалтай тохиролцоонд хүргэхээ амлажээ. Тэрбээр "юуны өмнө хоёр тал харилцан буулт хийх ёстой" гэсэн байна.
 
“Би хоёр улс, нэг улс гэсэн хоёр хувилбарыг хоёуланг нь судалж байгаа. Ингээд би хоёр талд хоёуланд нь таалагдах тэр хувилбарыг сонгох болно” хэмээн Трамп ярьжээ.
 
Ингэж мэдэгдсэний дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга “хоёр улс” томьёоллыг хэрэгжүүлэхийн тулд боломжтой бүхнээ хийхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна.
 
“Хоёр улс” гэдэг томьёоллын учир
 
Энэ үзэл баримтлал нь Израильтай зэрэгцэн Баруун эрэг, Газын зурвас, Зүүн Иерусалимд 1967 оны хилийн хүрээнд Палестины тусгаар тогтносон улсыг байгуулах явдлыг илэрхийлж байгаа юм. НҮБ, Арабын улсуудын лиг, Европын холбоо, ОХУ болон АНУ энэ үзэл баримтлалыг хэлбэрэлтгүй дэмжсээр иржээ.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг