sonin.mn
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлбөрийн ажил эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Татварын газраас дүүргүүдийн татварын хэлтэс, Техникийн хяналтын үзлэгийн төвүүд, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд дэх  татвар хураалтын үйл ажиллагаатай танилцах  ажил өнөөдөр эхэлж байна. Нийслэлийн Татварын газрын байцаагч нар өнөөдөр Баянзүрх дүүргийн 20 дугаарр хороонд ажиллалаа.
 
БЗД-ын татварын хэлтсийн байцаагч О.Баяр-Од “Манай дүүрэгт идэвхтэй хөдөлгөөнд оролцож байгаа 100 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Өнгөрсөн сард 40 мянга орчим тээврийн хэрэгслийн эзэмшигч татварт хамрагдах ёстой байсан.
 
Өнөөдрийн байдлаар 30 хувьтай явж байна. Харин энэ сард 2 болон 7-оор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид татвараа төлөх ёстой. Мөн 1, 6-аар төгссөн дугаартай жолооч нар энэ сардаа багтаад татвараа төлсөн тохиолдолд ямар нэгэн торгуульгүй байгаа. Харин гуравдугаар сараас хуульд заасны дагуу арга хэмжээг авах болно” гэж мэдэгдэв.
 
Тус  хороонд 2124 авто машин бүртгэлтэй байдаг . Нийслэлийн Татварын газрын НТТОТ-ийн дарга Д.Очирсүрэн “Хуульд заасны дагуу авто тээврийн хэрэгслийг ашигласан үгүйгээс үл хамааран албан татвар төлбөрийг ногдуулсаар байгаа. Иргэдийн хувьд ашиглах боломжгүй тээврийн хэрэгслээ улсын бүртгэлээс хасуулахгүй хадгалаад байдаг. Энэ байдлаар үргэлжилсээр албан татвар, төлбөрийн өр үүснэ шүү. Тиймээс ашиглахаа байсан тээврийн хэрэгслээ цаг тухайд нь улсын бүртгэлээс хасуулж байгаарай" гэж сануулав. 
 
Энэ ажиллагааны үеэр нийслэлийн Татварын газар, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран сүүлийн таван жил ямар нэгэн татвар, төлбөр төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ордоггүй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах юм байна. Хэрэв таны нэр дээр хэрэглээнээс гарсан, хуучирч муудаад ашиглахаа байсан тээврийн хэрэгсэл байдаг бол улсын бүртгэлээс хасуулахгүй бол  таны нэр дээр татварын өр, хуримтлал үүсч байдаг анхааруулж байна.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг