sonin.mn
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын уугуул,гавьяат нэгдэлчин, Хөдөлмөрийн баатар Д.Туваанжавтай ярилцлаа.
 
-Та сайн байна уу,  сайхан өвөлжиж байна   уу?
 
-Өвөлжөө сайхан байна, манай Хөвсгөл аймгийн  хойд сумд жаахан цастай, урд талаараа өнгөрсөн жил газрын гарц сайхан байсан,малчид  ам сайтай  байна. Тэгэхээр мал,төл үндсэндээ сайн байхаар байна.
 
-Хотод түр ирээд буцаж байгаа юм байна. Ямар ажлаар ирэв?
 
-Монголын Хөдөлмөрийн баатруудын холбоо,  TV-9 телевиз хамтран Хөдөлмөрийн баатруудыг  жилдээ нэг удаа уулзуулдаг “Баатруудаа,сайн байцгаана уу” уулзалт-нэвтрүүлэг хийдэг. Энэ жил долоо дахь удаагаа боллоо.Би зургаа дахь удаагаа оролцоод буцах гэж байна. Биднийг уулзуулж,  санаа бодлыг нь сонсч, үг сургааль,  туршлагыг хойч үед хүргэж байдаг Хөдөлмөрийн баатруудын холбоо,  TV-9 телевизийн хамт олонд  баярлаж явдгаа  илэрхийлье. Монголчууддаа, Хөвсгөл нутгийн зон  олондоо сар шинийн мэнд айлтгая.
 
Та хонин сүргийн захаас ажил хөдөл мөрөөрөө баатар болсон хүн. Бас хөдөө аж ахуйн салбарт олон шинэ санаа, оновчтой саналыг нэвтрүүлсэн туршлагатай. Өнөөдөр ямар санал,бодолтой явааг тань сонирхъё?  
 
-Нүүдэлчин Монголын бэлчээрийн мал аж ахуй дэлхийд гайхамшиг юм. Цаашид үе дамжуулан уламжлуулж, бидний   халаа болсон залуу малчдаа сургаж дадлагажуулах  хэрэгтэй. Байгалийн өвс ургамлаар тэжээл хийж ирсэн малын мах,сүү, идээ цагаа цэвэр  эко бүтээгдэхүүн байдаг. Үүнийгээ гадагш нь сурталчилж, зах зээлд гаргавал 60 гаруй сая толгойд хүрч өссөн  Монголын мал малчдын амьдралыг  тэтгэх маш том зах зээл юм. Иймд төр бодлогоор анхаармаар байна. Бэлчээрийг хашаажуулах, малчдын нийгмийн асуудлыг шийдэж орон сууцаар хангаж суурьшуулах ажил эхлүүлмээр байна.
 
Сүүлийн үеийн  залуу малчид    суурьших сонирхолтой болсон. Гэтэл ийм боломж хомс юм. Дээхнэ үед малчны хот айлд зургаан айл байдаг байсан. Одоо хэдэн гэр бүхий нэг малчин байх жишээтэй. Тэгэхээр үүнийг төрийн бодлого болгож, малчдыг суурьшуулмаар байна. Малын буян Монголын ард түмний хамгийн шалгарсан баялаг. Малчин  хүн үүрийн  гэгээнээс үдшийн бүрэнхий хүртэл ажилладаг. Малынхаа төлөө өвс  тэжээлээ авна, хэвтэр бууцыг нь засна, хашаа хороогоо дулаална, бэлчээрийн сайханд малаа таргалуулна, тарган мал тал бүрийн ашигтай гэдэг шүү дээ. Мал, малчин хоёр нэг юмны хоёр тал  гэж үзвэл нэгдсэн бодлогоор  зангидах ёстой. 
 
-Малчдыг  суурь­шуулахад нэн тэргүүнд юу шаардлагатай вэ?
 
-Аймаг, сум,багууд ихэнх нь өндөр хүчдэлийн шугамд холбогдсон. Үүнийг хот айлуудад хүргэвэл сайн байна. Нөгөөтэйгүүр, орон байраар хангах хэрэгтэй юм. Малчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэчихвэл хүмүүс зах дээр наймаа хийе  гээд хот суурин газар руу хошуурахгүй. Аймаг,  хот руу суурьшил  хайж  явахгүй.  Хөдөөгийн амьдралд бүх орчныг нь   бүрдүүлээд  өгчихвөл төвлөрөл дагасан утаа,агаар, хөрсний  бохирдол гэх мэт асуудал аяндаа шийдэгдэнэ. Бэлчээрийн асуудлыг шийдэж, малчдыг суурьшуулж орон  сууц,гэрэл цахилгаанаар хангах юм бол  хүн  болгон аав, ээжийнхээ үлдээсэн буяныг үргэлжлүүлж,  нутаг усандаа эзэн болж, малынхаа  буянаар  амьдаръя гэх болов уу.
 
-Ингэхэд та хэдэн жил мал маллав?
 
-Би 1964 онд 14 настайгаасаа эхлэн  1990 он хүртэл мал малласан. Энэ хугацаанд  төр, засгийнхаа  бүх шагналыг хүртсэн. 2004 онд Хөдөлмөрийн баатар гэдэг эрхэм хүндтэй цолоор шагнуулсан. Энэ бүхэн малын минь буян.
 
-Танай хүүхдүүдээс  мал  маллаж байна уу?
 
-Манайх зургаан хүүтэй. Гурав нь үе залгамжилж  малчин болсон. Малаа маллаж, хурдан  морь уяж байгаа. Хүүхдүүд маань цааш үр хүүхдүүдээ ч гэсэн малчин болгох байх,малчны удмыг таслахгүй гэж найдна.
 
-Та ямар  мал голчлон  маллав?
 
-Манайх дан эм хонь   малласан. Миний хувьд малчин хүн малаа100 хувь онд оруулах,  төлөө бүрэн бойжуулах  үүрэгтэй гэж боддог. Ер нь малчин хүн шинэ санаачилга, тэргүүн  туршлагыг  нэвтрүүлж, хөдөө аж ахуйд юу хийвэл үр ашигтай  байх вэ  гэдгийг  эрэлхийлж байх ёстой. Энэ   үүднээс  цөөнгүй зүйл хийж ирсэн.
 
-Тухайлбал?
 
-Би  одоогоос 30-аад  жилийн өмнө  өвс илжрүүлэхгүй байх арга ажиллагааг нэвтрүүлсэн. Мөн  өвлийн бэлчээрт уулын оройд худаг гаргасан нь одоо ч  ундарга нь хэвээр байгаа. Би түрүүнд малчин хүнд орон байрны тав тух чухал гэж хэлсэн. Отор  хийж явахад ч ялгаагүй. Майхан бариад отор хийвэл бороо, цаснаар зутарна. Эргээд гэр орондоо очихыг бодно, яарна. Орон байр нь тав тухтай бол малаа дээд зэргийн тарга тэвээрэг авахуулахын төлөө зүтгээд явна. Энэ санаагаар би  28  кг-ын жинтэй отрын гэр санаачилж хийсэн юм. Моринд ачаад явсан ч, мотоциклоор аваад явсан ч авсаархан. Мөн жууз тэргээр явахад гаргаад байрлуулж болно. Хонь, ямаа тэргэн доогуур ороход нөмөртэй. Тэргэн дээрээс малаа хараачлаад  байж болно.
 
Дээхнэ үед мал малчин хоёр ингэж л  явсан. Цадсан хонь бол үхэр шиг баадаг. Мянга гаруй хонь үхэр шиг баасан нэг бууцанд дахиад хонох боломж байдаггүй. Ялангуяа,ногоо,сүүтэй үед. Түүнчлэн салхи, шуургатай үед  500 хонийг тааваар нь байлгах   хашаа барьсан нь тухайн үедээ туршлага болж байлаа. Өвс ургадаггүй газарт  өвс ургуулж хадлангаа авах, ядарч сульдсан малаа оруулах нэмэгдэл тэжээл бүхий  хашаа, хороо  барих зэргээр шинэлэг ажлууд хийж байлаа. Бүгд тэргүүн туршлага болсон.
 
-Одоо та мал маллаж  байна уу?
 
-Малаа хүүхдүүдээ хуваагаад  өгчихсөн, 1990-ээд онд. 2003 оноос  Жаргалант сумандаа “Идэржавхлан” хоршоо байгуулж, эсгийний жижиг үйлдвэр  эрхэлж хүмүүсийн  хэрэгцээг хангаж байна. Улс, аймагтаа хийсэн ажил, гаргасан бүтээгдэхүүнээрээ шалгарч хүмүүсийн талархлыг хүлээж байгаа. Аймгийн төв, бусад сумаас манай эсгийг авдаг. Мөн гутал хийдэг хүмүүс захиалга өгдөг. Амьд хонины  ноосоор хийдэг учраас манай эсгийг илч, энерги сайтай гэж үйлчлүүлэгчид маань ам сайтай байгаад баяртай, бас урамтай байдаг.
 
-Залуу малчдад юу хэлж захих бол?
 
-Мал маллахад малын буян их бий.  Үүнийг л үр хүүхэд, хойч үедээ хэлж захиж   байдаг. Одоо ч дахин дахин захих  байна.
 
 
Ч.Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин