sonin.mn
УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас гарч, АН-д орох сонголт хийхийг үгүйсгэхгүй тухай нэг бус удаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан билээ. Мэдээж тэр бүрийд О.Баасанхүүг урвагч, "ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчийн үлгэр болж байна" гэх мэтээр цоллодог ч жинхэнэ шалтгаан нь өөр гэнэ.
 
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд МАХН-ын үйл ажиллагааг идэвхжүүлж, томоохон гуравдагч хүчний орон зайг эргэлт буцалтгүй эзлэх хүсэлтэй байгаа бөгөөд үүний тулд давын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАХН-аас заавал хүн нэр дэвшүүлэн оролцох шаардлагатай билээ. Харин Н.Энхбаярын хувьд өнгөрсөн намраас л эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАХН оролцохгүй ч байж болно гэсэн санааг илэрхийлж байгаа юм. Үүнийг л О.Баасанхүү илт эсэргүүцэн, заавал Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох шаардлагатай, улс төрийн панз наймаа хийж хэрхэвч болохгүй, хэрэв Н.Энхбаяр тийм оролдлого хийвэл МАХН-аас гарч, АН-ын гишүүнээр элсэнэ гэж мэдэгдэж буй аж.
 
Энэ шахалтаас ч болсон уу? эсвэл үнэхээр МАХН-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд оролцуулах нь зөв гэж бодов уу? Н.Энхбаяр даргатай МАХН-ынхан сүүлийн үед МАХН-ын гишүүн бус нэр нөлөө бүхий улс төрчидтэй уулзан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай ярилцаж эхэлжээ. Харин тэдгээр улс төрчдийн дийлэнхи нь Н.Энхбаярт бараг итгэхгүй байгаа бөгөөд түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр нөлөө бүхий улс төрчийг намаасаа нэр дэвшүүлнэ гэж "айлгаж" байгаад МАН-ын удирдлагатай тохироо хийх ганцхан зорилготой гэж үзэж буй бололтой.
 
Мөн МАХН-аас МАХН, МАН-ын бус  АН-ын гишүүн юм уу? ардчиллын талын угшилтай хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшүүлж, АН-аас нэр дэвшигчийн саналыг хуваах замаар ч МАН-д тусалж болох хувилбар байж болох аж. Үүнийг нь УИХ-ын гишүүн, МАХН-ын парламент дахь цор ганц төлөөлөл болсон  О.Баасанхүү огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд МАХН заавал Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд ялалт байгуулахын төлөө ажиллах шаардлагатай гэж үзэж юм байна.
 
Д.Номинтуяа