sonin.mn
“Хүүхдийн түлэгдэлт–Эцэг эхийн хариуцлагаас” уриатай аяныг аймаг, нийслэлийн хэмжээнд энэ сарын 15-наас ирэх сарын 28-ныг хүртэл хугацаанд зохион байгуулахаар болжээ.
 
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс гаргасан өнгөрсөн оны тоо мэдээгээр 5 хүртэлх насны хүүхдийн нас баралт нийт нас баралтын 14.4 хувийг эзэлж байгаа бөгөөд түүний 76.5 хувь нь түлэгдсэн шалтгаанаар нас барсан байна. Түлэгдсэн шалтгаанаар нас барсан хүүхдүүдийн 77 хувь нь халуун хоол цайнд, 23 хувь халуун усанд түлэгдсэн ба дийлэнх хувь нь биеийн олон хэсгийн 3-р зэргийн түлэгдэлт аж. 
 
Бага насны хүүхэд түлэгдэхэд түлэгдлийн талбай нь бага ч бие мах бодь, арьсны физиологийн бүтцийн онцлогоос шалтгаалан гүн түлэгддэг учир зайлшгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, улмаар насан туршид хөгжлийн бэрхшээлтэй болох эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл зүйгээрээ хохирч ирээдүйд идэвхгүй амьдралтай болдог тул уг гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай.
 
Иймд бага насны хүүхдийг түлэгдэлтийн аюулаас сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх хүрээнд энэ аяныг зохион байгуулахаар болжээ.
 
Б.Гаваа
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг