sonin.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан эхэллээ.
 
Хуралдаан Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлснээр эхлэв. Учир нь үдээс өмнөх хуралдаанаар тус хуулийн төслийн танилцуулгыг хийгээд завсарласан юм.
 
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, "Хэзээнээс хууль хэрэгжих вэ, анги нэгтгэл байгуулах зардлыг хэрхэн шийдэх гэж байна вэ" гэсэн асуудлыг тодруулсан. Ингэхэд Хууль зүй, дотоодын хэргийн сайд С.Бямбацогт, "Дотоодын цэргийг 1922 онд байгуулсан. Материаллаг баазын хувьд ихээхэн бэхжсэн байсан ч татан буулгаж, цагдаагийн байгууллагад нэгтгэсэн. Цагдаагийн байгууллагад нэгтгэхэд 1100 албан хаагч цагдаа руу орсон. Тэдгээр 1100 хүн буцаад Дотоодын цэргийн хууль батлагдвал шинээр дөрвөн рот байгуулна. Тиймээс ирэх онд зардал гарна" гэлээ.
УИХ-ын гишүүн О.Батнасан, "Дотоодын цэрэгт ажиллах хүн хүчний тоог хэрхэн тооцов"  гэхэд Хууль зүй, дотоодын хэргийн сайд С.Бямбацогт, "Дотоодын цэрэг татан буулгасан ч ахлагч, офицерууд нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа. Хугацаат цэргийн албан хаагчаар боловсон хүчний нөхөн хангалтыг хийнэ" гэсэн хариултыг өгөв.
 
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, "МҮОНРТ рүү өмнө нь дайрч орох гэсэн тохиолдол гарч байсан. Тухайн үед дотоодын цэрэг хамгаалж байсан тулдаа асуудал даамжраагүй. Тиймээс онцгой обьектуудыг дотоодын цэргээр хамгаалуулах нь зөв" гэсэн байр суурьтай байлаа.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
 
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг