sonin.mn
“Баруун бүсийн босоо тэнхлэгийн төмөр зам” ХХК-ийн захирал Л.Рагчаасүрэн, уулын инженер Д.Баярсайхан нар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг залилсан хэрэг үйлджээ.
 
Тодруулбал, тэд өнгөрсөн оны нэгдүгээр сарын 12-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай “Trimble R10 Model 00” загварын хоёр ширхэг багажийг хоёр сарын хугацаагаар түрээслэн ажиллуулах гэрээ байгуулсан байна. Гэвч гэрээний хугацаа нь дууссан ч гэрээгээ зөрчиж, улмаар багажийг хугацаанд нь өгөлгүй, цааш нь өөр байгууллагад худалдан борлуулсан нь шалгалтаар илэрчээ.
 
“Баруун бүсийн босоо тэнхлэгийн төмөр зам” ХХК нь баруун бүсийн таван аймгийг төмөр замаар холбох төсөл дээр төмөр замын хэмжилт хийнэ гэж хамтран ажиллах түрээсийн гэрээ байгуулсан ч  Л.Рагчаасүрэн гэгч  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас авсан дээрх хоёр багажаа цааш “М-ЭЙ-Жи” ХХК-д 52 000 000 төгрөгөөр заржээ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн холбогдох албаныхан Л.Рагчаасүрэн, Д.Баярсайхан нарыг  хуулийн байгууллагаар шалгуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжээ.    
 
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар шүүгдэгч нарыг 2015 оны 01 сарын 12-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай “Trimble R10 Model 00” загварын хоёр ширхэг багажийг хоёр сарын хугацаагаар түрээслэн ажиллуулахаар гэрээ байгуулсан. Улмаар “Их хаадын хишиг” ХХК-д зарж борлуулан гэрээгээр халхавчлан залилан мэхэлж, 160 000 000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт нь  яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Л.Рагчаасүрэн, Д.Баярсайхан нарт холбогдох хэргийг нээлттэй шүүн хэлэлцжээ.
 
Шүүх хуралдаанаар шүүгдэгч  Лхагваагийн Рагчаасүрэнг бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний өмчлөлийн хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 160 000 000 (нэг зуун жаран сая) төгрөг гаргуулж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д олгох шийдвэр гаргажээ.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг