sonin.mn
Нэг хэсэг хотын гудамж талбайд таггүй траншей олширч нүхэнд нь унаж бэртсэн, эд хөрөнгөөрөө хохирох явдал цөөнгүй гарч байлаа. Таншейнд тэнэмэл хүмүүс ч амьдардаг байв. Харин одоо траншейн хямгатай болсон ч зарим замын хөдөлгөөнд саад учруулах тохиолдол гарсаар байна.  
 
 
 Өвлийн хүйтэнд мөсөнд гулгаж  траншейны нүхэн дээгүүр гарвал  машины амортизатор шууд эвдэрдэг гэж зарим жолооч ярьж байгаа юм.  Харин траншейн руу унаж  гэмтэж , бэртэх нь эрс багасчээ. Траншейны таг байхгүйгээс эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон хоёр удаагийн тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын 54 дүгээр зүйл заалтаар зохицуулдаг бөгөөд цагдаагийн байгууллагын зүгээс холбогдох байгууллагуудад нь шилжүүлэн өгч шийдвэрлүүлжээ. 
 
Хотын хэмжээнд нийт 23 504 инжерийн шугам сүлжээний худаг бий. Үүний 7414 нь орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрынх, 1048 нь дулааны шугамын, 6000 нь холбооны, 3817 борооны ус зайлуулах, 4530 нь цэвэр, бохир усных, 695 нь авто замын гэрэл дохио, гэрэлтүүлгийнх байдаг. 
 
Замын цагдаагийн албаны олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд үүнийг цогц байдлаар тусгасан. Өмнө нь хариуцлагыг цагдаа, жолооч хүлээдэг байсан бол одоо бол хүн бүрийн үүрэг хариуцлагыг тус тусад нь тусгаж өгсөн байгаа. Үүний дагуу зөвхөн траншей гэлтгүй замын тэмдэг тэмдэглэгээ буруу байрлуулах, замтай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулахдаа хууль журмын дагуу биш байвал тухайн байгууллага хариуцлага хүлээдэг болсон.
 
Стандартын горим алдагдснаас болж үүссэн нүх нь  замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөхүйц нөхцөл байдлыг үүсгэж байна. Үүнийг хариуцсан байгууллагууд нь цаг тухайд нь шалгалт хийж, засварлах ёстой. Төв замын дунд дээшээ овойж, , доошоо хонхойсон траншей харьцангуй цөөн бий. Гэвч өөрийн тээврийн хэрэгслээ эвдэхгүйн  тулд  тэр нүхийг тойрч гарах нөхцөл байдал үүсдэг. Нүх тойрч гарах үедээ ямар нэгэн осол гаргасан бол худаг сувагчлал хариуцсан байгууллага л хариуцлага хүлээх учиртай” гэв. 
 
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай  хуулийн 54.18-д "Зам дээр хийгдсэн үзлэгийн болон шүүрт худгийн таг байхгүй, алга болсон, эвдэрсэн, замын зорчих хэсгийн түвшинтэй нэг түвшинд байрлуулагдаагүйгээс зам тээврийн осол, хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн болон зам тээврийн осол, хэрэг гарсан бол хариуцдаг аж ахуйн нэгж, байгууллагаар учирсан хохирлыг нөхөн төлүүлж зөрчлийг арилгуулан, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” гэж заасан байдаг. 
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг