sonin.mn
МОСКВА. /Reuters/. Сирийн хойд нутаг дахь “Лалын улс” цэрэгжсэн бүлэглэлийн байрлалд Орос болон Туркийн арми анх удаагаа хамтран агаараас цохилт өгчээ.
Оросын Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны газрын дарга Сергей Рудской лхагва гарагт Москва хотод сэтгүүлчидтэй уулзсан байна.
 
Тэрбээр хэлэхдээ “Оросын 9 байлдааны нисэх онгоц, Туркийн 8 сөнөөгч онгоц террористуудын гол түшиц газруудын нэг болох Аль-Баб хотод агаараас цохилт өгөх ажиллагаанд оролцсон” гэв.
 
АНУ болон Туркийн хувьд Сирийн сөрөг хүчнийхнийг дэмждэг бол ОХУ Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Асадын засаг захиргааг дэмждэг юм.
Өнгөрсөн сард Турк болон Оросын зуучилснаар Сирид гал зогсоох хэлэлцээр байгуулсан билээ.
 
“Лалын улс”-ыг хамтын хүчин чармайлтаар дарахыг АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трампт Москвад битүүхэн уриалж, агаараас цохилт өгөх ажиллагааны ач холбогдлыг онцолж байна гэж ажиглагчид үзэж байна.
 
Маргааш буюу нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөх Д.Трамп ОХУ-тай харилцаагаа бэхжүүлэх сонирхолтой байгаагаа урьд нь нэг бус удаа илэрхийлж байсан юм.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг