sonin.mn
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв. 
 
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаа болон сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрх нь Засгийн газрын гишүүнд байхаар зохицуулсан. Гэвч зээлийг ямар шалгуураар олгох, зээл хүсэгч, ямар баримт бичиг бүрдүүлэх, төслийг сонгон шалгаруулахад ямар журам баримтлах зэрэг асуудлыг орхигдуулжээ.
 
Иймд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн үйл ажиллагааг зохицуулах журам батлах эрхийг холбогдох Засгийн газрын гишүүнд олгох шаардлага үүссэн байна. Тус зээлийн журмыг сайд баталснаар зээл хүсэгчдэд тавигдах шаардлага, шалгаруулалтын ажиллагаа, бүрдүүлэх материал зэрэг асуудал тодорхой болж, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хийдэл арилах аж. Ингэснээр зээлийн төсөл сонгон шалгаруулах ажиллагаа үйлдвэрлэл эрхлэгчдэд нээлттэй, ил тод болох юм. 
 
Хуулийн төслийн талаар асуух асуулттай гишүүн байсангүй. Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.
 
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг