sonin.mn
СӨҮЛ. /TASS/. БНСУ сүүлийн 10 жилийн хугацаанд АНУ-аас 36,4 их наяд вон буюу 30,5 тэрбум долларын зэр зэвсэг худалдан авсан тухай Өмнөд Солонгосын Үндэсний батлан хамгаалах яам болон Батлан хамгаалах салбарын хөгжлийн асуудал эрхэлсэн Солонгосын агентлаг мэдээллээ.
 
Энэ бол 2006 оноос 2016 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд худалдан авсан зэвсэг техникийн мөнгөн дүн ажээ. Энэ тоо нь Өмнөд Солонгосын батлан хамгаалах салбарын өнгөрсөн оны төсөвтэй /32,2 тэрбум доллар/ бараг тэнцүү юм. 
 
Дээрх мэдээлэлд дурдсанаар, зөвхөн Пёнтэк хотод байрлаж буй Америкийн цэргийн баазын зардалд Өмнөд Солонгосын тал 7,5 тэрбум доллар зарцуулдаг байна. Түүнээс гадна, сүүлийн гурван жилийн хугацаанд Америкийн 8 дугаар армийн бүрэлдэхүүнд сайн дурын үндсэн дээр алба хааж байгаа Өмнөд Солонгосын цэргүүдийг сургаж бэлтгэхэд 22,3 сая доллар зарцуулсан аж.
 
Энэ бүхэн нь тус улсад байрлаж буй Америкийн цэргийг дэмжихэд Сөүлийн зүгээс чамгүй хэмжээний хөрөнгө зарцуулж байгааг харуулдаг. Эдгээр баримтуудад үндэслэн Өмнөд Солонгосын тал Америкийн шинэ Ерөнхийлөгч Д.Трамптай мэтгэлцэхдээ түүнийг давж гарах зорилготой байна.
 
Сануулан дурдахад, Д.Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Өмнөд Солонгост байрлаж буй Америкийн цэргийн зардалд гаргаж буй мөнгөнийхээ хэмжээг нэмэгдүүлэхийг Сөүлийн эрх баригчдаас нэг бус удаа шаардаж байсан билээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг