sonin.mn
МОСКВА./TASS/. Хагас хамгаалагч Йон Молло Оросын Самара хотын “Крылья Советов” клубээс Санкт Петербургийн “Зенит” багт шилжсэнтэй холбоотой нарийн ширийн зүйлүүдийг шалгуулахын тулд Францын хөлбөмбөгийн “Сент-Этьен” клуб ФИФА-д ханджээ.
 
Молло “Зенит”-эд ирэх тухай мэдээлэл энэ сарын 10-ны өдөр гарсан юм. Тэрбээр тус багтай 3 жил 6 сарын хугацаатай гэрээ байгуулсан боловч мөнгө санхүүтэй холбоотой зүйлүүдийг ихэд нууцалж байна.
 
2016 оны 8 дугаар сард “Крылья Советов” баг “Сент-Этьен”-ээс Моллог авахдаа байгуулсан гэрээнд зааснаар, Моллог өөр клубт “дамлан худалдсан” тохиолдолд мөнгөний талыг нь Францын клуб авах ёстой ажээ.  Butfootballclub цахим хуудсанд бичсэнийг үзвэл, Моллог “Зенит”-эд зарсан мөнгөнөөс францчууд 250 мянган евро авчээ. Өөрөөр хэлбэл, наймааны үнэ 500 мянган евро байжээ гэсэн үг. Гэтэл хэвлэлүүдэд гарсан мэдээллийг үзвэл, “Зенит”-ийнхэн Моллог авахын тулд 2,5 сая евро төлсөн бололтой. Ийм учраас “Сент-Этьен” клуб ФИФА-д хандаж байгаа ажээ.
 
Йон Молло “Сент-Этьен”-д 2014-2016 онд тоглож байв.
 
Б.Адъяахүү
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг