sonin.mn
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар  Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.
 
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа Цагдаагийн албаны тухай хуульд алба хаагчийн эрх зүйн байдал болон цагдаагийн байгууллагын зарим үйл ажиллагаатай холбоотой харилцааг тусдаа хуулиар зохицуулахаар тусгасан. Гэвч дээрх зохицуулалтуудыг агуулсан тусгайлсан хуулиуд нь одоог хүртэл батлагдаагүйн улмаас цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгаа, хөдөлмөрийн дотоод харилцаа зэрэг олон зохицуулалтууд нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг журмаар зохицуулагдаж байгаа юм. Мөн биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэхтэй холбоотой харилцааг зөвхөн журмаар зохицуулж иржээ. Тиймээс хуулийг шинэчлэн боловсруулж, дээрх дутагдалтай заалтуудыг нэмж тусгасан гэдгийг ХЗДХ-ын сайд С.Бямбацогт хууль санаалчлагчийн илтгэлдээ дурьдав.
 
Тэрбээр, “Хуулийн төслийг баталснаар цагдаагийн алба хаагч, иргэдийн хамтын ажиллагаа, харилцаанд дэвшил гарч, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлнэ. Алба хаагчийн цалин хөлс урамшуулал сайжирна” гэлээ.
 
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар цагдаагийн алба хаагчдийн нийгмийн баталгааг хангах асуудлыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан болон алба хаагчид цол олгох асуудлыг ямар зарчмаар явуулах талаар тодруулав. Одоо мөрдөгдөж байгаа хуулийн төсөлд цагдаагийн алба хаагчийн нийгмийн баталгааг хангах асуудал орхигдсон байсан гэдгийг ХЗДХ-ын сайд хэлээд, “Шинэчилсэн найруулгын төслийн 84-87 дугаар бүлэгт алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх асуудлыг нарийн тусгасан. Албан тушаалын томилгоотой холбоотой цол олгодог байсныг уламжлалт буюу мэдлэг, ур чадвар, амжилт зэргийг харгалзан тодорхой хугацаатай олгодог болгохоор заасан. Тухайлбал, Ахлагч цолыг дөрвөн жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад тогтвор суурьшилтай ажилласан дэд ахлагчид олгоно. Ахлагчаас Ахлах ахлагч болоход мөн дөрвөн жилийн хугацаатай. Дэслэгчээс Ахлах дэслэгч болоход гурван жил болно” гэв.
 
Цагдаагийн алба хаагчдийн дийлэнх нь гэр хороололд байдаг бөгөөд амьдралын боломж тааруу байдаг тул орон сууцжуулах чиглэлд анхаарч ажиллахыг Ж.Ганбаатар гишүүн захив. Мөн УИХ-ын гишүүн Л.Энхболд, Орон нутгийн цагдаагийн алба хаагчдийн хянах газар, үйл ажиллагааны талбар том байдаг тул тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, шатахуун зэргээр бүрэн хангах хэрэгтэй хэмээв.
 
Түүчнлэн Хууль зүйн байнгын хороон дарга Ш.Раднаасэд Олон нийтийн цагдаагийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах чиглэлд анхаарч ажиллахыг сануулсан. Ажлын хэсгийн зүгээс,  “Олон нийтийн цагдаа ажиллаж эхэлснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд томоохон түлхэц үзүүлсэн. Цаашдаа үйл ажиллагааны чиглэлийг нь нарийн тодорхойлж ажиллуулах болно” хэмээв.
 
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Орон нутгийн цагдаагийн байгууллагын даргыг томилохдоо тухайн аймаг, сумын Засаг даргатай зөвшилцөх талаар хуулийн төсөлд тусгасан байна. Энэ нь цагдаагийн байгууллага эрх мэдэлтний төлөө ажилладаг гэсэн хардлагыг дагуулах магадалтай” хэмээсэн. Хуулийн төслийг хэлэлцэх үед энэ асуудлыг хэрхэн тусгахаа шийдвэрлэх боломжтой гэдгийг Ажлын хэсгээс хэллээ.
 
УИХ-аар Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Тиймээс Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нэн даруй баталж, дээрх хоёр хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангуулах хэрэгтэй гэдгийг гишүүдийн зүгээс хэлж байлаа.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг