sonin.mn
ДАВОС. /TASS/. Дэлхийн улс төр, санхүү болон бизнесийн салбарын элитүүд Альпын нуруунд орших Швейцарийн Давос хотын цанын баазад нэгдүгээр сарын 17-20-нд чуулж, хүн төрөлхтөнд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх арга замуудыг хэлэлцэнэ.
 
Даяаршлын эсрэг үзэлд ихээхэн газар гарч, британичууд Европын Холбооноос гарах сонголт хийж, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялсан зэрэг дуулиан дагуулсан нэгэн жилийн дараа Дэлхийн эдийн засгийн форумын жил тутмын уулзалт болох Давосын форум болох гэж байна.
“Давос-2017” чуулган “Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал” сэдвийн хүрээнд болно. Энэ форумын үеэр худалдааг хамгаалах бодлого, популизмыг арилгах болон эдийн засгийн өсөлтийг сэргээж, зах зээлийн капитализмд шинэчлэлт хийх арга замуудыг хэлэлцэх ажээ.
 
Мөн хүмүүнлэгийн хямралууд, тэдгээрийн дотор Сирийн асуудал, Дональд Трампаар удирдуулсан АНУ-ын шинэ засаг захиргааны хийх алхмууд, дүрвэгчдийн хямрал болон дэлхийн дахинд аюул заналхийлж буй терроризм зэрэг асуудлыг удирдагчид авч хэлэлцэнэ.
 
Форумд 100 гаруй улсын 3000 орчим төлөөлөгч, тэдний дотор АНУ-ын халаагаа өгөх гэж буй дэд Ерөнхийлөгч Жо Байден, Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, “Alibaba” группын захирал Жек Ма, жүжигчин Мэтт Дэймон, дуучин Шакира ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Жэкоб Зума, БНХАУ-ын дарга Си Зиньпин зэрэг хүмүүс оролцох юм.
 
“Давос-2017” форум нь Д.Трамп тангараг өргөх өдөр буюу нэгдүгээр сарын 20-нд өндөрлөнө.
Давосын анхны форумыг 1971 онд зохион байгуулж байжээ. 1988 онд Турк болон Грек улс Давосын тунхаглалд гарын үсэг зурснаар дайн дэгдэхээс сэргийлж чадсан юм. 1992 онд Нельсон Мандела ӨАБНУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгчтэй Давост гар барьсан нь арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлд цэг тавихад ихээхэн нөлөөлсөн билээ. 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагатай холбогдуулан 2002 оны Дэлхийн эдийн засгийн форумыг Нью-Йорк хотод зохион байгуулснаар дэлхий нийтээрээ эвлэлдэн нэгдэхийг уриалж байв.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг