sonin.mn
УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль,  тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
 
Төсвийн байнгын хороо “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 09.00 цагт хуралдаж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Цагдаагийн албаны тухай, Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
 
Үдээс хойш буюу 14.00 цагт Төрийн байгуулалтын болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдана. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Харин Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор Ахмад настны тухай, Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай болон Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай, Донорын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг