sonin.mn
Чуулганы өчигдрийн хуралдаанаар 20-оод асуудал хэлэлцсэний дотор Олон улсын гэрээ­ний хуулийг хүчингүй болсонд тооцох хуулийн төслийг олон нийт чих тавин хүлээв.
 
Учир нь энэ хуулийн цаана дэлхийд дээгүүрт бичигддэг манай улсын томоохон орд Тавантолгойн эрх ашиг, цаашлаад Монгол Улсын хөгжил, монголчуудын хувь заяа байгаа хэмээн олон нийт үзэж байгаа юм. Чуулганы хуралдаанаар Олон улсын гэрээний хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингэснээр хууль санаачлагчид нь буцаалаа. Хэрэв гэрээний тухай хуулийг гишүүд дэмжсэн бол Тавантолгойн 49 хувь Шинхуад, 51 хувь MCS-д очих үүд нээгдэх байв. Тодруулж хэлбэл, Тавантолгой зэрэг олон улсын томоохон гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр  Засгийн газар дангаараа шийдвэрлэх эрхтэй болох байлаа.
 
Засгийн газар  өнгөр­сөн долоо хоногт хуулийг батлуулахын тулд чамгүй чармайлт гаргасан ч АН-ын бүлэг завсарлага авч, өчигдөр хэлэлцсэн юм.  Эх сурвалжийн хэлж байгаагаар Тавантолгойн гэрээтэй холбоотой бүх бичиг баримт бэлэн болсон. Гишүүд дэмжиж, Их хурлын дарга алх цохисоноор гарын үсэг зурагдах байсан аж. Мөн хууль батлагдсан даруй буюу өчигдөр оройдоо гэрээ хэлэлцээрийг албажуулахаар зэхэж, яарч байсан гэх. Харин эрхэм гишүүд эх оронч байдлаар хандаж олонхийн дэмжлэгээр Олон улсын гэрээний хуулийг нэг удаадаа унагаж, Тавантолгойг үлдээлээ. Гэхдээ цаашид эрх баригчид хэрхэхийг хэлж мэдэшгүй.
 
Гэрээний хуулийг хэлэлцэх үед 53 гишүүний 19 нь зөвшөөрч, 34 нь татгалзав. Тодруулбал, Тавантолгойг тавьж явуулахыг О.Батнасан, С.Бямбацогт, Д.Дамба-Очир, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Я.Содбаатар, Д.Сумъяабазар, Б.Ундармаа, Н.Учрал, Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, М.Энхболд, Л.Энх-Амгалан нар дэмжсэн бол үлдсэн 34 гишүүн татгалзсан кноп дарав.
 
 С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин