sonin.mn
Нөхөн төлждөг нөөц баялагтай хүнс, хөдөө аж ахуйн салбарынхан 2017 онд эдийн засгийг тэлэхэд бодитой хувь нэмэр оруулж ажиллахаа Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын  удирдах ажилтны зөвлөлгөөнөөр тодотголоо.
 
Тус зөвлөлгөөнд 21 аймгийн ХХААГ-ын удирдлагууд оролцож байна.
 
"Монгол Улсын нийт ажиллах хүчний 55 орчим хувийг бүрдүүлдэг манай салбар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн гол цөм нь болж ажиллана. Өнөөдрийн цугларалт  бол 100 хувь ажил хэргийн уулзалт юм. Хүнс, хөдөө аж ахуйн салбар тавьсан зорилтуудаа хэрэгжүүлэх, ирэх он жилүүдэд аймаг орон нутгийн удирдлагуудтай хэрхэн хамтарч ажиллахаа хэлэлцэж байна. Засгийн газраас баримталж буй бодлогод улс орны эдийн засгийг сэргээх, дотоодын үйлдвэрлэл, нөөцөд түшиглэсэн олон тулгуурт эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэн хөгжүүлэх, түүхий эдийн үнээс хэт хамааралтай байдлыг бууруулж дунд хугацаанд эдийн засгийг тэлэх асуудал чухлаар тавигдаж байгаа.  
 
Иймд нийгмийн хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн эрэлт хэрэгцээ, дэд салбар тус бүрийн онцлог, орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулж ХХААХҮ-ийн  салбарын  тогтвортой хөгжлийг хангах, үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадвар, үр ашгийг нэмэгдүүлэх, тооноос чанарт шилжих бодлогыг бид барьж ажиллана" хэмээн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн онцоллоо.  
 
Ирэх дөрвөн жилд ХХААХҮЯ түүхий эд, бүтээгдэхүүний нөөцөд суурилан дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэвшилтэт техник, технологийн шинэчлэл хийх, инновацийг нэвтрүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллах юм байна. Мөн маркетингийн сүлжээ, менежментийг боловсронгуй болгох, оновчтой тогтолцоо, эрх зүйг бүрдүүлэх, хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах өндөр хариуцлага ирснийг салбарын удирдлагууд тодотголоо.

Мөн үеэр өвөлжилтийн байдлыг танилцуулсан юм.  Өнөөдрийн байдлаар 17 аймгийн 127 сум, Улаанбаатар хотын хоёр дүүрэгт өвөлжилтийн байдал хүндэрсэн  мэдээ гарчээ.  Цасны зузаан тал хээрийн бүсэд 15-25 см зузаан, харин уулархаг газраар 60-90 см-т хүрсэн байна. 

 ХХААХҮ-ийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн  хоёр өдөр болох бөгөөд салбарын сургалт-семинараар үргэлжилнэ.
 
 Б.Заяа
Гэрэл зургийг Н.Батбаяр
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг