sonin.mn
GoGo мэдээний агентлаг Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй бүх хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хамтдаа утааны эсрэг дуу хоолойгоо нийлүүлэн тэмцэхийг уриаллаа.
 
Тус уриалгад "ДЭМБ-ын судалгаагаар РМ2.5 хорт бодисын хэмжээ 501 хүртэл хэмжээнд байх нь хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг. Гэвч Улаанбаатар хотын агаарын бохирдол ДЭМБ-ын тогтоосон аюултай хэмжээнээс 4 дахин их болчихоод байгааг иргэд төдийлөн ойлгохгүй, өөрийгөө болон үр хүүхдүүдээ хамгаалахгүй байна. Нийт иргэдэд нөхцөл байдал аюултай түвшинд хүрсэн гэдгийг ойлгуулах зайлшгүй шаардлагатай нүүр туллаа. Иймд хэвлэл мэдээллийн байгууллагуудын хүчийг нэгтгэн, нэгдсэн хүчээр утааны эсрэг дорвитой арга хэмжээ авахыг эрх баригчдаас шаардах, "Public awareness" буюу олон нийтэд мэдэгдэх, тэднийг нэгтгэх шаардлагатай боллоо" гэжээ.
 
 

Утааны эсрэг аянд нэгдсэн телевизүүд өнөөдөр 19.50 цагт "Улаанбаатарын агаарын бохирдол ДЭМБ-аас тогтоосон АЮУЛТАЙ ХЭМЖЭЭНЭЭС 4 ДАХИН ИХ БАЙНА!!!  гэсэн уриалга бүхий дүрсийг эфиртээ 30 секундын хугацаатай барих юм байна.

 

Харин сонинууд нэгдүгээр сарын 11-ний дугаарын тэргүүн нүүрэндээ нэг ижил утааны зургийг текстийн хамт нийтлэх юм. Мөн сайтууд өнөөдөр 19.50 цагт тэргүүн онцлохдоо нэг ижил утааны зургийг текстийн хамт нийтэлж, утааны эсрэг дуу хоолойгоо нийлүүлэн тэмцэхээр боллоо.

 

 

Утааны эсрэг тэмцэх аянд МОНЦАМЭ агентлаг, МҮОНТВ, Боловсрол ТВ, Монгол HD, NTVТВ5, UBS, C1, ETV, ECO телевиз, ЛХА ТВ, Bloomberg TV Mongolia, OTV, VTV, Засгийн газрын мэдээ сонин, Өнөөдөр сонин, Өглөөний сонин, Үндэсний мэдээ, Монголиан экономи сэтгүүл, Мontsame.mn, News.mn, Unuudur.mn, dnn.mn, view.mn, itoim.mn, mongolcom.mn,chuhal.mn зэрэг 24 сайт, "Ub.life", Шинэ Монгол радио, "I marketing" суваг агентлаг нэгдээд байна.
 
 
 Б.Заяа
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг