sonin.mn
ЛОНДОН./BBC/. Тоглоом тоглоход зориулсан гурван дэлгэц бүхий зөөврийн компьютерийн хоёр ширхэг туршилтын загварыг Лас-Вегас хотод болж буй хэрэглээний цахим төхөөрөмжийн CES олон улсын үзэсгэлэнгийн үеэр хулгайлсан хэрэг гарчээ. Энэ тухай уг компьютерыг зохион бүтээсэн "Razer" компани мэдэгдлээ.
 
Хулгайч нарыг илрүүлэн баривчлахад тус болох мэдээлэл өгсөн хүнийг 25 мянган доллароор шагнана гэдгийг тус компанийн төлөөлөгч Мин Лян Тан зарлажээ.  
“Бид энэ технологийг боловсруулахын тулд олон сарын турш ажилласан. Бидний компьютерийг хулгайлсан нь луйврын хэрэг” гэж тэрбээр хэлсэн байна.
Хулгай гарахаас сэргийлэн янз бүрийн нарийн арга сэдсээр байгаа боловч гурван дэлгэцтэй нөүтбүүк алга болсон нь тун хачирхалтай явдал боллоо.  
"Project Valerie" гэдэг энэ шинэ лэптоп бол дэлхий дээрх цорын ганц ийм төрлийн зөөврийн компьютер юм. Нэмэлт хоёр дэлгэц нь автоматаар дэлгэгддэг ба гурван дэлгэц бүгд 43 см-ийн голчтой ажээ.  
 
"Razer" компанийн энэ бүтээгдэхүүн худалдаанд гараагүй байгаа боловч хэрэглэгчид нийгмийн сүлжээгээр өөрсдийн санал бодлыг илэрхийлсээр байна. Зарим хүмүүсийн хувьд энэ нь тоглоомын ертөнцөд гарсан жинхэнэ тэсрэлт бол зарим нь дүгнэхдээ, эрчим хүч ихээр зарцуулдаг, овор ихтэй дэмий зүйл гэжээ.
Түүгээр ч барахгүй зарим интернэт хэрэглэгчдийн бодлоор, компьютер хулгайд алдагдсан гэх дуулианыг "Razer" компанийнхан бүтээгдэхүүний сурталчлахын тулд зориудаар өөрсдөө дэгдээсэн аж.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг