sonin.mn
Өнөөдөр БОАЖЯ, ОБЕГ, МХЕГ, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, Биологийн хүрээлэн зэрэг мэргэжлийн байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүд бог малын мялзан өвчнөөр бөхөн өвчилсөн асуудлыг хэрхэн шийдвэрлэж, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
 
Ховд, Говь-Алтай аймгийн зарим сумдад бөхөн олноор хорогдсон тухай мэдээллээр Ховд аймгийн мал эмнэлэгийн газар хорогдсон бөхөнгөөс дээж авч шинжлүүлэхэд “Бог малын мялзан” өвчин болох нь тогтоогдсон. 
 
Тиймээс холбогдох хууль журмын дагуу төв, орон нутгийн мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүдээс бүрдсэн хоёр ажлын хэсэг Ховд, Говь-Алтай аймгуудад ажиллаж, үхсэн бөхөнгийн сэг зэмийг устгах, ариутгаж, халдваргүйжүүлэх арга хэмжээг авч, судалгаа шинжилгээ хийн ажиллаж байна. Одоогийн байдлаар орон нутагт ажиллаж байгаа ажлын хэсгийнхэн 900 гаруй бөхөнгийн сэг зэмийг устгаад байна.
 
Түүнчлэн мэргэжлийн байгууллагууд өвчнийг тархахаас хэрхэн урьдчилан сэргийлэх, бөхөн өвчилсөн голомтын хилийг нарийвчлан тогтоох, өвчин гарсан бэлчээрт малын шилжилт хөдөлгөөнийг хориглох, хорио цээрийн хяналтыг чангатгах, малчид үхсэн бөхөнгийн сэг зэмтэй таарвал яаралтай мэдэгдэж байх зэрэг асуудлуудыг тусгасан зөвлөмжүүдийг гаргажээ. 
 
Цаашид уг өвчний тархацыг нэмэгдүүлэхгүй байх, хар сүүлт, янгир зэрэг тухайн өвчин тархсан бүс нутагт байгаа салаа туурайтай амьтдад өвчин тархах нөхцлийг хязгаарлах арга хэмжээ авахын тулд олон улсын байгууллагуудаас тусламж дэмжлэг авах, үүний тулд нэгдсэн мэдээллийг бэлтгэн мэдээлэх, шаардагдах хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэх, зэрэг асуудлуудыг нэн тэргүүнд шийдвэрлэх хэрэгтэй байгааг ажлын хэсгийнхэн онцоллоо.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг