АНУ-Хятадын худалдааны дайнд хэн нь ялагдах вэ?

Нийтэлсэн: 2017-01-11 15:29:57

ХОНКОНГ. /Nikkei/. Дональд Трамп нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөх гэж байгаатай холбоотойгоор АНУ-ын шинэ Ерөнхийлөгч “хэлсэн ёсоороо” Хятадтай худалдааны дайн дэгдээх эсэхэд дэлхий нийтээрээ анхаарлаа хандуулж байна гэж худалдааны шинжээчид дүгнэжээ.
 
Сонгуулийн кампанит ажлын үеэр Д.Трамп “би ерөнхийлөгч болсон анхны өдрөө Хятадыг “валютын ханшийн зөрүүнээс ашиг ологчид” хэмээн цоллож, худалдааны тэнцвэргүй байдлыг арилгахын тулд Хятадын бараа бүтээгдэхүүнд 45 хүртэлх хувийн гаалийн татвар ногдуулах болно” гэж байсан юм.
Гэхдээ Д.Трамп Ерөнхийлөгчийн суудалд сууснаас хойших эхний 100 хоногт АНУ-Хятадын харилцаанд бодит аюул учрахгүй болов уу. Одоогоос нэг эсвэл хоёр жилийн дараа худалдааны алдагдал тэлж эхэлнэ гэж Вашингтонд төвтэй, Петерсоны Олон улсын эдийн засгийн хүрээлэнгийн дэд ерөнхийлөгч Маркус Нолан үзэж байна.
 
Татварыг бууруулж, дэд бүтэц болон батлан хамгаалахын төсвлийг нэмэгдүүлэхийг Д.Трамп санал болгоод “ингэснээр санхүүгийн урамшуулал бий болж, улмаар эдийн засгийн өсөлтийг богино хугацаанд нэмэгдүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, долларын ханшийг өсгөх боломжтой болно” гэсэн юм.
 
“Энэ бол анх Рональд Рейганы засаг захиргааны авч байсан арга хэмжээний маш муу хувилбар. Худалдааг хамгаалах гэж хэт улайрсны улмаас худалдааны алдагдлыг тэлж байсан” гэж энэ долоо хоногт Хонконгт болсон нэгэн семинарын үеэр шинжээч Нолан хэлжээ.
1980-аа оны үед Р.Рейган АНУ-ын эдийн засгийг хамгаалахын тулд Японы автомашин болон гангийн импортод татвар ногдуулж байсан үеийг Д.Трампын эдийн засгийн зөвлөх Петр Наварро дурдсан байна.
 
Тэрбээр Д.Трампыг Р.Рейгантай адил “чөлөөт худалдаачин” гэж тодорхойлоод “Ерөнхийлөгч Д.Трамп луйварчдаас Америкийг хамгаалж, Хятадтай өөрийн дүрмээр тоглох болно” гэжээ.
 
Одоогийнхоос өөр
 
АНУ болон Хятадын хооронд бий болсон өнөөгийн нөхцөл байдал тэр үеийнхээс маш их ялгаатай. Хэрвээ Д.Трамп Хятадын бүтээгдэхүүнд шинээр татвар ногдуулбал хариу цохилт өгөхөд бэлэн гэдгээ Бээжин тодорхой илэрхийлсэн. Хятадын төрийн мэдлийн “Global Times” сонины тоймчийн буланд бичсэнчлэн, “Боинг” нисэх онгоц, iPhone гар утас, шар буурцаг, тэр ч байтугай АНУ-д сурч байгаа хятад оюутнууд ч хоёр улс хоорондын “худалдааны дайн”-ы бай болж магадгүй юм.
 
Петерсоны хүрээлэнгээс саяхан хийсэн нэгэн судалгааны тайланд бичсэнээр, хэрвээ АНУ худалдааны дайн дэгдээвэл хувийн салбарт ажиллаж буй 4 сая гаруй америк хүн ажилгүй болно. Мөн экспортоос хамааралтай салбарууд, тухайлбал мэдээлэл технологи, агаарын инженерчлэлийн салбарын үйлдвэрлэлд хүнд цохилт ирнэ. Түүнчлэн жижиглэн худалдааны газрууд болон ресторан зэрэг олон улсын худалдаанаас шууд хамааралгүй салбаруудад тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлнэ.
 
Трампномикс /Trumponomics/ ихээхэн сөрөг нөлөө учруулна гэж “Oversea-Chinese Banking” корпорацийн салбар болох Сингапурын банк /The Bank of Singapore/ мөн анхааруулсан байна.  Д.Трампын өсөлт-уруудалт холилдсон бодлогын хүрээнд хямралын эрсдэл бий болно гэж тус банкны ахлах эдийн засагч  Ричард Жеррам хэлжээ. Д.Трампын “санхүүгийн урамшуулал” гэж нэрлээд байгаа арга хэмжээ нь бараг бүрэн хүчин чадлаараа “ажиллаж” буй АНУ-ын эдийн засагт инфляцийн дарамт учруулж, өндөр татвар тогтооснооор дэлхийн худалдааны эргэлтийг сулруулж болзошгүй гэж шинжээч үзэж байна.
 
Тэгэхээр АНУ-Хятадын худалдааны дайнд хэн нь ялагдах вэ?
 
“Талуудын аль аль нь ялагдана. Энэ бол худалдааны салбарын мөн чанар юм” гэж шинжээч Нолан хэлээд “эдийн засгийн урвуу нөлөө бүхий дайн болно” гэв.
 
Энэ дайн нь чадвар муутай бөгөөд цалин багатай хамгийн эмзэг давхаргынханд хамгийн хүндээр тусна гэдгийг судалгаа харуулж байна. 11 дүгээр сарын сонгуулиар энэ хүмүүс Д.Трампын төлөө саналаа өгсөн билээ.
 
Мөн Мексикээс импортолж буй бараанд 35 хувийн татварт ногдуулж, ажилгүй америкчуудыг “цалин сайтай ажлын байраар хангах”-ын тулд улсынхаа өмнөд хилийн дагуу хана босгоно гэж Д.Трамп мөн сүрдүүлсэн юм.
 
Гэхдээ Ноландын адил шүүмжлэгчдийн үзэж байгаагаар, Д.Трамп хөрш орноо хямрал руу түлхвэл түүний бодож төсөөлж байсан бүхэн эсрэгээрээ эргэж, АНУ бичиг баримтгүй хууль бус цагаачдын цуваанд дарагдана.
Юутай ч Д.Трампын засаг захиргааны эхний жил эмх замбараагүй байх төлөвтэй байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг 
 
СУРТАЛЧИЛГАА :

4 сэтгэгдэл харуулж байна        

  1. Монгол улс Орос улстай найрсаг харилцаатай байхад Орос улс манай улсын бүтээгдэхүүнд 50 хувийн татвар ногдуулж байгаа нь арай дэндүү байгаа юм. Манайх 5 Оросод 5 хувийн татвар явуулдаг.

    Зочин, 2017-01-11 18:58:33, 202.131.230.70Хариу бичих

  2. Орос улс манай эсрэг зарлаагүй худалдааны дайн хийж байгаа шүү дээ.Шалтгаан нь их энгийн Москвагийн үгээр явсангүй өөрийн гэсэн бодолтой байсны төлөө.

    Зочин, 2017-01-11 21:26:25, 172.56.13.233

    Таны нэр:

    Тайлбар:

  3. tegeed 50 huvi tatvar onogduuldaggyi oor orontoi hudaldaagaa hiihiig chini hen bai gesen be. ingeed shuluulaad baij bai gej oros guigaagyi. guij tyyj baij shuluulj baigaa bol bidnii buruu

    unshigch, 2017-01-12 01:59:49, 188.63.13.9Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Хятадад асах хямдхан өгч байгаа нүүрс, түүхий эд ээ бид яах вэ? Эсвэл зөрүүг нь Баярцогт, Баяр хоёр оццшоорт хийчихсэн юм уу?

    Зочин, 2017-01-12 13:33:30, 59.153.87.204Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: