sonin.mn
Цус сэлбэлт, судлалын төв өдөрт 100-120, жилд 25 мянгаас дээш хүнээс цус авч байж нөөц бүрэн хангах боломж бүрдэх юм байна.
 
Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 80 гаруй ажилтан албан хаагч сайн дураараа цусаа хандивлав. Нэг хүний өгсөн цус гурван хүний амь авардаг гэдэг. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын ажилтнууд цусаа хандивласнаар 200 гаруй хүний амь насыг аврах сайн үйлс бүтээлээ. Мөн тэд нийслэлийн харьяа газрууд, төрийн болон төрийн бус байгууллагуудыг энэхүү аянд нэгдэж цусаа хандивлахыг уриалав.
 
Цус сэлбэлт, судлалын төвийн Донор зохион байгуулах тасгийн их эмч Р.Энхтуяа ярихдаа, “Манай төв төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажилласаар ирсэн. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хамт олны  хүсэлтийн дагуу явуулын цус цуглуулах бригад ирж цус авч байна” гэв.
 
 
Харин Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын орлогч дарга Д.Хаянхярваа “Бид сар бүр нэг сайн үйлсийн аян өрнүүлж байхаар тогтсон. Үүний эхлэл болгож Цус сэлбэлт, судлалын төвд  цус хандивлах өдөрлөг зохион байгууллаа. Цус сэлбэлт, судлалын төв төлөвлөгөөгөө биелүүлэхэд  хүн бүрийн оролцоо чухал юм. Хүний амь аварна гэдэг бол том үйлс.  Тиймээс төрийн болон хувийн хэвшлийнхэн, иргэдийг сайн дураараа  цус хандивлах аянд нэгдэхийг уриалж байна” хэмээн  ярилаа.
 
 Б.Заяа
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг