sonin.mn
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн өргөтгөсөн хурлаас зөвлөмж гаргав.
 
ҮАБЗ-ийн өчигдрийн өргөтгөсөн хурал "Нийслэлийн агаар, орчны бохирдолын тухай" сэдвийг хөндсөн. Хурлаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарын мэдээллийг сонсон, зөвлөмж гаргасан байна. Зөвлөмжид УИХ, Засгийн газар, аймаг нийслэлийн ИТХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл тухайлсан ямар ажил хийхийг тусгажээ.
 
Тухайлбал, УИХ-ын түвшинд агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн түвшинд хүрсэн гэж үзэж, онцгой байдлын горимоор ажиллах, гамшгийн бүс тогтоож, хориглох зүйлсийг гаргах, нүүлгэн шилжүүлэх, нөхөн сэргээх, дахин төлөвлөх, үйл ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулж, холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, төрийн захиргааны төв байгууллагууд, төмөр зам, их дээд сургуулиуд, тэдгээрийг дагасан дэд бүтцийн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулах, шаардлагатай тохиолдолд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах, агаар орчны бохирдол бууруулах үндэсний хөтөлбөр батлах зэрэг анхаарч ажиллахыг даалгасан байна.
 
Харин Засгийн газрын түвшинд агаар орчны бохирдлын асуудлыг улирал бүр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байх, шаардлагатай бол тусгай хуралдааныг хийх хэрэгтэй гэж үзжээ. Үүний зэрэгцээ Аймаг, нийслэлийн ИТХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хамаарч хийх ажлыг зөвлөмжид тусгажээ.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг